Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Хоёрдугаар бүлэг

ЯВГАН ХҮМҮҮС, АВТО ХӨСГӨӨР ЗОРЧИН ЯВАГЧДЫН ДҮРЭМ

 

6. Явган хүмүүс зөвхөн явган хүнд зориулсан замаар явах бөгөөд хэрэв зориулагдсан зам байхгүй бол зорчих хэсгийн зах, замын зүүн гар талаар явбал зохино. Унадаг дугуйтай зорчигчид, түрдэг тэрэг, чарга чирэгчид мөн томоохон хэмжээний зүйл барьж яваа хүмүүс зорчих хэсгийн зах, замын зөвхөн зүүн талаар явахыг зөвшөөрнө.

7. Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар буюу замын зүүн захаар 2-оос илүүгүй эгнээгээр, хүүхдийг түрдэг тэрэг, чаргаар зөөхдөө зөвхөн явган хүний замаар буюу замын зүүн захаар авч явахыг тус тус зөвшөөрнө.

8. Зохион байгуулалттай групп хүмүүс жагсаалын журмаар 4-өөс илүүгүй эгнээгээр гудамж (зам)-ийн зорчих хэсгийн баруун гар талаар явж өнгөрөхийг зөвшөөрнө. Жагсаалыг өдрийн цагт урьд хойно нь улаан дарцагтай, шөнө буюу өтгөн манантай үед урд нь цагаан гэрэл, хойно нь улаан гэрлийн дохио бүхий хүмүүс заавал хамгаалан явбал зохино.

9. Явган явагчид гудамж (зам)-ыг хөндлөн гарахдаа гарцын шугам «ГАРЦ» гэсэн заалттай газраар; хэрэв шугам, заалт байхгүй бол замын уулзвараар явган хүний замын чигийн дагуу гарна. Хот, суурингийн гадна бол замын хөдөлгөөний хоёр тал нь сайн харагдах хэсгээр хөндлөн гарвал зохино.

10. Явган хүмүүс гудамж (зам)-ыг хөндлөн гарахдаа ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдсаны үндсэн дээр гарах ёстой. Харин зогсож байгаа тээврийн хэрэгсэл, бусад саадыг тойрон гарахдаа онцгой анхааралтай явбал зохино.

11. Хөдөлгөөнийг зохицуулдаг гудамж (зам)-ыг хөндлөн гарахдаа зөвхөн ногоон гэрэл дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор замын зорчих хэсэгт нэвтрэн орно. Хэрэв явган явагчид гудамж (зам)-ыг хөндлөн гарч амжаагүй бол замын голд зогсож, зөвшөөрөх дохиог хүлээвэл зохино.

12. Автобус, такси зэрэг хүн тээврийн хөсөг хүлээгчид нь зорчигчдыг буулгах, суулгахад зориулагдсан талбай дээр буюу хэрэв талбай байхгүй бол замын гадна талд хүлээвэл зохино.

13. Хүмүүс автобусанд суух, буухдаа зөвхөн түүнд зориулсан зогсоол дээр бууж, сууж байвал зохино.

14. Зорчин явагчдад тээврийн хэрэгслийн хаалгыг хаахад саад хийх, зогсохын өмнө түүний хаалга нээхийг хориглоно. Хүмүүс тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа замын баруун гар талаас ачааны авто машинд кузовын ар талаас тус тус буух суухыг зөвшөөрнө.

15. Кабины гишгүүр дээр болон хүн суухад зориулагдаагүй бусад хэсэгт суух, ачааны автомашины кузов дээр зогсох түүний ирмэг дээр сандайлж суух, цонхоор толгой гаргах буюу ямар нэгэн зүйл цухуйлгахыг тус тус хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»