Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Нэгдүгээр бүлэг

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1. Энэ дүрэм БНМАУ-ын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж биелүүлбэл зохих замын хөдөлгөөний дэг журмыг тогтоосон эрхийн акт мөн.

2. Замын хөдөлгөөнд саад болох, хүний эрүүл мэнд, нийгэм, иргэдийн өмч хөрөнгөд хохирол учруулж болох осол эндлээс урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү дүрмийн заалтыг тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа бүх хүн чанд сахиж, цагдан сэргийлэх, зам ашиглалтын байгууллага, зэвсэгт хүчний авто техникийн шалгах албаны ажилтан, ардын нөхөрлөлийн гишүүд, төмөр замын гармын жижүүрээс хөдөлгөөний журмыг сахиулах талаар тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Эрх бүхий хүмүүс олгогдсон эрхийн дотор замын хөдөлгөөн зохицуулахдаа зохих үнэмлэх, ялгах тэмдэг, дохиур буюу дарцагтай байна.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

3. Замын хөдөлгөөний дэг журам, урсгал, чиглэлийг тогтооход тухайн орон нутагт Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, хот хоорондын замд авто тээвэр, зам ашиглалтын байгууллага Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албатай (УАТХШБ алба) харилцан тохиролцоно.

Замын хөдөлгөөний онцлогтой (тусгай зориулалтын ачаа тээвэрлэх, тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл ашиглах, хашаа, хаалттай талбай доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэх мэт) холбоотой хууль тогтоомж, бусад эрхийн актыг энэ дүрмийн заалтыг үндэслэн гаргана.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

4. Замыг зөвхөн тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд ашиглана.

5. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий бусад техник хэрэгслийг эвдэх, гэмтээх, халхлах, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих, замын хучлагыг эвдэхийг хориглоно. Хөдөлгөөнд саад бий болгосон этгээд өөрөө түүнийгээ нэн даруй арилгах, хэрэв бололцоотой бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулах үүрэгтэй.

Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6. Жолооч зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхэд зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодно.

а) Гуравдугаар зэргийн жолооч суудлын автомашин, 10 хүртэл суудалтай автобус буюу 7000 кг хүртэл даацтай ачааны автомашин, хоёрдугаар зэргийн жолооч 12 т хүртэл даацтай бүх төрлийн автомашин, автобус, нэгдүгээр зэргийн жолооч бүх төрлийн карбюраторт ба дизель хөдөлгүүрт автомашин, автобус жолоодно.

Тайлбар: Гал команд, хүн эмнэлгийн түргэн тусламжийн тусгай дуут дохио, анивчдаг гэрлээр тоноглосон автомашиныг мэргэжлийн нэг буюу хоёрдугаар зэрэгтэй жолооч жолоодно. Мөн нийтийн үйлчилгээний автобус, троллейбус, үйлдвэрлэл-технологийн зориулалттай буюу их даацын автомашиныг тухайн зориулалтын сургууль, курс төгссөн гуравдугаар зэргийн тусгай тэмдэглэл бүхий үнэмлэхтэй жолооч жолоодож болно.

б) Автомашин сонирхогч жолоочийн үнэмлэхтэй хүн, амины бүх төрлийн (бүх жин нь 400 кг-аас дээшгүй жинтэй чиргүүл бүхий) автомашин жолоодно.

в) Мотоциклын жолоочийн үнэмлэхтэй хүн бүх төрлийн мотоцикл жолоодох бөгөөд тахир дутуу хүнд зориулсан авто машин жолоодож болно.

г) Механизмын гуравдугаар зэргийн жолооч 150 хүртэл морины хүчтэй гинжит буюу дугуйт трактор, комбайн жолоодох, суурин ажиллуулах, хоёрдугаар зэргийн жолооч гинжит буюу дугуйт трактор, комбайн тэдгээрийн явах ангид суурилсан экскаватор бусад өөрөө явдаг механизмыг агергаттай жолоодох буюу суурин ажиллуулах, нэгдүгээр зэргийн жолооч өөрөө явдаг бүх төрлийн механизмыг агергат, чиргүүлтэйгээр жолоодох буюу суурин ажиллуулах эрхтэй.

7. Энэ дүрэмд хэрэглэсэн зарим тодорхойлолт, нэр томьёо дараах утгатай байна.

«Замын хөдөлгөөнд оролцогч» - замын хөдөлгөөнд оролцож яваа явган хүн, жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Жолооч» - ямар нэг тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваа хүн.

«Явган зорчигч» - явганаар буюу хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн, тахир дутуу хүний дугуй (тэргэнцэр) унасан, унадаг дугуй, мопед, мотоциклыг хөтөлж замаар яваа хүн (зам тавих, засварлах, цэвэрлэх зэргээр зам дээр ажиллагсад үүнд үл хамаарна).

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Давуу эрх» - явах чиглэлдээ бусад тээврийн хэрэгслээс урьтан хөдлөх эрх.

«Зам тавьж өгөх» - бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй буюу ямар нэг үйлдэл хийхгүй байх шаардлага.

«Түр зогсолт» - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минут хүртэл хугацаагаар зогсоох. Харин зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахад түүнээс илүү хугацаагаар зогсож болно.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Удаан зогсолт» - зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийг зогсоох.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Зайлшгүй зогсолт» - жолоочийн биеийн байдал, техникийн эвдрэл, ачиж яваа ачаанаас болж хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Гүйцэж түрүүлэх» - явж байсан эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэж урд нь орох үйлдэл.

«Үзэгдэх орчин хязгаарлагдах» - байгалийн элдэв үзэгдэл (манан, шуурга гэх мэт) буюу бүрэнхий үед 300 метрээс цааш зам харагдахгүй байх.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Зам» - замын хөдөлгөөнд зориулсан өргөн чөлөө, гудамж, зам (хоёр хажуугийн шороон зурвас, явган хүний зам, таримал зүлэг орно).

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Гол зам» - хучлагатай, хучлагагүй замын аль хучлагатай нь буюу уулзварын өмнө 1.4.а, 1.4.б, 1.4.в, 4.1 тэмдэг тавьсан зам. Хучлагатай замтай, шороон зам хучлагаар нийлсэн бол адил замын уулзварт тооцохгүй.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Зорчих хэсэг» - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар хязгаарласан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно.

«Тусгаарлах зурвас» - тээврийн хэрэгслийн зогсоол болон хөдөлгөөнд зориулаагүй, хөдөлгөөний зэргэлдээ чиглэлүүдийг тусгаарласан замын хэсэг.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Хөдөлгөөний эгнээ» - автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуу зурвас. Зорчих хэсэг нь нэг, хоёр, түүнээс дээш эгнээтэй байж болно.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Уулзвар» - замууд нэг төвшинд огтолцож нийлсэн буюу салаалсан бэлчир (зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг талын захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарласан талбай). Замын хажуу дахь талбайгаас (хашааны хаалга, зогсоол, шатахуун түгээх станц, албан байгууллага, үйлдвэр гэх мэт) зам руу нийлж байгаа хэсгийг уулзварт тооцохгүй.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Явган зорчигчийн зам» - явган зорчигч явахад зориулсан замын зорчих хэсэгтэй нийлсэн буюу түүнээс зүлгээр тусгаарласан хэсэг.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Явган зорчигчийн гарц» - явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан 4.10 тэмдэг буюу 1.11.а,б тэмдэглэлтэй зорчих хэсэг.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Төмөр замын гарам» - төмөр замтай нэг төвшинд огтлолцсон замын хэсэг.

«Суурин газар» - үйлдвэр, аж ахуйн газрууд төвлөрч барилгажиж, суурьшсан дэвсгэр нутаг (аймаг, хот, сум, нэгдэл, САА, ТАА, бригад, хэсгийн төв гэх мэт). Суурин газрын хилийг 4.3, 4.4 тэмдгээр тэмдэглэнэ.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Тээврийн хэрэгсэл» - хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Механикжсан тээврийн хэрэгсэл» - хөдөлгүүрээр тоноглосон бүх төрлийн авто, цахилгаан тээврийн хэрэгсэл, трактор, өөрөө явдаг машин механизм.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Мотоцикл» - шаахайтай юм уу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл буюу бүх жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурван дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Мопед» - 50 см3 хүртэл ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хүчин чадал нь 40 км/цагаас илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Унадаг дугуй» - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг, тахир дутуу хүний тэрэгнээс бусад хоёр буюу гурван дугуйтай механикжаагүй тээврийн хэрэгсэл.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл» - тогтоосон маршрутаар явдаг автобус, троллейбус, чиглэлийн такси болон бусад автомашин.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

«Чиргүүл» - механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан механикжаагүй тээврийн хэрэгсэл. Хагас чиргүүлийг чиргүүлд хамааруулна.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

«Бүх жин» - тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаатай буюу зорчигчтой нийт жин. Мөн тухайн тээврийн хэрэгслээр чирч яваа тээврийн хэрэгслийн жинг түүний бүх жинд оролцуулан тооцно.

/Энэ тодорхойлолтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

 

 

Дараагийн хуудас..»»