Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Хоёрдугаар бүлэг

ЖОЛООЧ НАРЫН НИЙТЛЭГ ҮҮРЭГ

 

8. Жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох мэргэжилтэй, зохих боловсролтой, бие эрүүл, сахилгатай, соёлч боловсон хүн байх ёстой.

Механикжсан тээврийн хэрэгслийг Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар (УАТХШБГ)-аас олгосон мэргэжлийн эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно. Ердийн хөсөг, мопед, унадаг дугуй зэргийг жолоодогч нь аймаг, хот, район болон орон нутгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг шалгаад олгосон гэрчилгээтэй байна.

9. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч биедээ заавал авч явах зүйл:

а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх;

б) тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

в) замын хуудас, ачсан ачааны баримт бичиг (амины автомашин, мотоциклтэй хүнд техник ашиглалтын дэвтэр);

г) бусад хүний эзэмшлийн амины тээврийн хэрэгсэл жолоодож яваа бол итгэмжлэх бичиг баримт;

10. БНМАУ-д бусад орноос ирсэн жолооч доорх үүрэгтэй:

а) тээврийн хэрэгслийн баримт бичиг, үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, УАТХШБГ-аас олгосон хавсралттай байх;

б) тээврийн хэрэгслээ УАТХШБ албанд бүртгүүлж улсын дугаар буюу түр зөвшөөрөл авсан байх;

Эх орондоо буцахдаа бүртгэлээс хасуулж, хэрэв улсын дугаар авсан бол эргүүлэн өгнө.

11. Жолоочийн үүрэг:

а) жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж явна. Ажилд гарахын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн, бүтэн байдлыг нарийн шалгаж, ялангуяа тоормос, жолооны механизм, дугуй, чирэх хэрэгсэл, гэрлийн систем, шил арчуурын ажиллагаа, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, улсын дугаар тод эсэх, ар талаа харах толь зөв тавигдсан эсэхийг заавал шалгаж илэрсэн гэмтлийг нэн даруй засах;

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

б) мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгай заавал өмсөх бөгөөд хамгаалах малгайгүй зорчигч тээхгүй байх;

в) зам тээврийн осол (ЗТО)-д нэрвэгдсэн хүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;

г) замын хөдөлгөөнд саад бэрхшээл тохиолдож осол гарч болзошгүй үед бусад жолооч нарт бололцоотой бүх тусламж үзүүлэх;

д) замын гэмтэл, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бусад элдэв саад тохиолдвол түүнийг арилгах, хэрэв бололцоогүй буюу ЗТО гарсан бол аль ойр байгаа цагдан сэргийлэх байгууллагад яаралтай мэдэгдэх;

е) цагдан сэргийлэх байгууллагын ажилтан нарт хойшлуулшгүй албаны үүрэг гүйцэтгэж яваа үед тээврийн хэрэгслийг хэрэглүүлэх;

ж) амь насанд нь аюул тулгарсан хүмүүст тусламж үзүүлэхээр яваа эмнэлгийн ажилтныг замын дагуу хүргэх, эсвэл ийм өвчтөнг эмнэлэгт хүргэхээр яваа эмнэлгийн болон цагдан сэргийлэх байгууллагын ажилтан, ардын нөхөрлөлийн гишүүдэд тээврийн хэрэгслийг явж байгаа чиглэлийг үл харгалзан хэрэглүүлэх; (Тусгай албаны буюу дипломат төлөөлөгчийн, мөн аюултай ачаа ачсан тээврийн хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй).

Тайлбар: Хойшлуулшгүй ажилд тээврийн хэрэгсэл хэрэглэсэн хүн замын хуудсанд явсан зай, хугацаа, овог нэр, албан тушаал, үнэмлэхийн дугаарыг заасан тэмдэглэл хийж өгнө.

з) Цагдан сэргийлэх байгууллагын ажилтан, ардын нөхөрлөлийн гишүүн, тээвэр ашиглалтын улсын байцаагч, зэвсэгт хүчний авто техникийн шалгах алба, ой, ан агнуурын байцаагч, зам ашиглалтын албаны ажилтны дохиогоор заавал зогсож, замын хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээж яваа ачааны баримт бичиг, жолоодох эрхийн үнэмлэхээ шалгуулах;

и) ЗТО-ын улмаас өөрөө явж чадахгүй эвдэрсэн тээврийн хэрэгслийг зөөвөрлөхөд УАТХШБ албаны ажилтны шаардлагаар автомашиныг хэрэглүүлэх;

к) Хамгаалалт бүхий автомашины цуваа, тусгай дуут дохио буюу анивчдаг гэрлээр тоноглосон автомашин, мотоциклын жолоочийн дохиогоор зогсож зам чөлөөлөн өнгөрүүлэх;

12. Шуурхай албаны (өнгө, бичлэгээр ялгасан) автомашин, мотоциклын жолооч хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа үед анивчдаг гэрлээ асаасан буюу тусгай дуут дохио ажиллуулсан бол хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 4, 5 (зохицуулагчийн дохионоос бусад), 6, 7 дугаар бүлгийн заалтаас хазайж болно.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

13. Жолоочид хориглох нь:

а) Согтууруулах ундаа, айраг, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

б) Тээврийн хэрэгслээ бааз, гараашид нь буюу маршрутын дагуух тогтоосон амрах буудалд хүрч зогсоолд тавиагүй үедээ түүнийг жолоодоогүй ч гэсэн согтууруулах ундааны зүйл, айраг хэрэглэх;

в) Өвчний буюу хэт ядарсны улмаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй болсон, ажиллах чадвар, анхаарал сулруулах үйлчилгээтэй эмийн зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох;

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

г) Жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу үнэмлэхтэй ч гэсэн замын хуудсанд нэрийг нь бичээгүй, мөн согтууруулах ундаа, айраг хэрэглэсэн хүнд жолоодож яваа тээврийн хэрэгслээ шилжүүлэх;

д) тээврийн хэрэгслийг ашиг хонжоо олох зорилгоор ашиглах, түүнчлэн албаны автомашиныг зохих зөвшөөрөлгүйгээр хувийн ажилд хэрэглэх;

е) тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ мөр гаргах, байгаль орчин, газрын хөрс, малын бэлчээр, хадлан тариалангийн талбай, зүлэг, ой модыг гэмтээх, гол, мөрөн, нуур, булаг болон хиймэл усан байгууламжийг бохирдуулах;

ж) тээврийн хэрэгслийг хулгайд алдах, тонуулж үрэгдүүлэхээс сэргийлсэн, хяналт хамгаалалтгүйгээр гадуур тавьж орхих;

з) хот, аймгийн төвд 11 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 1-нийг хүртэл мотоциклоор замын хөдөлгөөнд оролцох.

14. ЗТО, хэрэгт холбогдсон жолоочийн үүрэг:

а) тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь үл хөдөлгөнө.

б) ЗТО, хэрэгт нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эмнэлгийн түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг нэрвэгдсэн хүнийг ойр байгаа эмнэлгийн газарт аль тааралдсан тээврийн хэрэгслээр буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, замын хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирнэ.

в) болсон ЗТО, хэргийн тухай цагдан сэргийлэх байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад, эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдан сэргийлэхийн ажилтныг иртэл хүлээнэ;

г) бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж байвал хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан ЗТО-д холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримт, ул мөрийн байрлалыг нарийн тодорхой тэмдэглэн бэхжүүлсний дараа зорчих хэсгийг чөлөөлж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»