БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Гуравдугаар бүлэг
ЯВГАНААР БУЮУ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧДЫН НИЙТЛЭГ ҮҮРЭГ
15. Явган зорчигч явган хүний замаар (зориулсан зам байхгүй бол замын хажуугийн шороон хэсгээр) явна. Явган хүний зам байхгүй буюу явах боломжгүй тохиолдолд тэрэг түрсэн, чарга чирсэн эсхүл овор ихтэй ачаа барьж яваа хүмүүс замын зорчих хэсгийн зүүн гар талын захаар нэг эгнээгээр цувж явахыг зөвшөөрнө. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гудамж, замаар явуулж хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдээ заавал хөтөлж явна.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
16. Жагсаалаар яваа хүмүүс дөрвөөс илүүгүй эгнээгээр хөдөлгөөний чигийн дагуу зорчих хэсгийн баруун гар талаар явахыг зөвшөөрнө. Жагсаалыг өдрийн цагт урд болон ард нь улаан дарцаг, харанхуй буюу орчин муу үзэгдэх үед урд нь цагаан, ард нь улаан гэрэл дохно барьсан хүн хамгаалан явна.
17. Хүүхдийн жагсаалыг, зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол замын зүүн гар талын шороон хэсгээр хоёроос илүүгүй эгнээгээр явуулах бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хоёр хүн харгалзаж явна.
18. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа гарцын шугам, 4.10 тэмдэгтэй газраар, тэмдэг, тэмдэглэл байхгүй бол ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл хоёр талдаа сайн харагдах хэсгээр эгц хөндлөн гарна.
19. Явган зорчигч, гарцын тэмдэг, тэмдэглэлгүй газраар зам хөндлөн гарахдаа ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж, аюулгүй байдлыг хангасныхаа дараа гарна. Зогсож байгаа тээврийн хэрэгслийн зөвхөн ар талаар тойрч, онцгой анхааралтай гарвал зохино.
20. Явган зорчигч хөдөлгөөнийг зохицуулдаг зам хөндлөн гарахдаа зөвхөн ногоон гэрэл дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт нэвтрэн орно. Зам хөндлөн гарч амжаагүй явахад дохио өөрчлөгдвөл замын голд буюу аюулгүйн зурвас дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээнэ. Замын голоос өнгөрсөн үед дохио өөрчлөгдвөл шууд нэвтрэн гарна.
21. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс буулгах, суулгахад зориулсан талбай дээр, тийм талбайгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд дарааллын журмаар хүлээнэ.
Зорчигчид тээврийн хэрэгсэлд тусгайлан зориулсан буудалд бууж, сууж байвал зохино.
22. Бүхээгийн гишгүүр болон хүн суухад зориулаагүй хэсэг мөн ачааны автомашины тэвшнээс өндөр гарсан ачаан дээр суух, ачааны автомашины тэвшин дээр зогсох, цонхоор толгойгоо гаргах буюу ямар нэгэн юм цухуйлгах, тээврийн хэрэгслээс зүүгдэх, хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулахыг хориглоно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
23. Тээврийн хэрэгслийн хаалгыг хаахад саад хийх юмуу зогсохоос өмнө хаалга нээхийг хориглоно. Зорчигч тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийн баруун гар тал руу, ачааны автомашинаас бол ар тал, явган хүний зам тал руу бууж, зөвхөн тэр талаас суухыг зөвшөөрнө.
24. Явган зорчигч суурин газрын гарцтай замын гарцгүй хэсгээр хөндлөн гарах, зорчих хэсгээр гүйх, зам дээр тоглох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар саад хийх, зогсож байгаа тээврийн хэрэгслийн урдуур гарч зорчих хэсэг рүү орохыг хориглоно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/