Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1. Замын хөдөлгөөнд бэрхшээл саад, хүний эрүүл мэнд, улс, хоршоолол, иргэдийн өмчид хохирол учруулж болох осол эндэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү дүрмийн заалтыг тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа бүх хүн чанд сахиж, хөдөлгөөн зохицуулах эрх бүхий байгууллага, хүмүүсээс хөдөлгөөний журмыг сахиулах талаар тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

2. Эрх бүхий хүмүүс замын хөдөлгөөн зохицуулахдаа зохих үнэмлэх, ялгах тэмдэг дохиур буюу дарцагтай байна.

3. Замын хөдөлгөөний журам, урсгал, чиглэл, хурд, мөн мотоцикл, мопедоор хөдөлгөөнд оролцох хугацааг цаг агаарын нөхцөлөөс хамааруулан тухайн аймаг, хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргаа, Замын цагдаагийн алба (ЗЦ алба)-тай харилцан тохиролцож тогтооно.

Замын хөдөлгөөний онцлогтой (тусгай зориулалтын ачаа тээвэрлэх, тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл ашиглах, хашаа, хаалттай талбай доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэх мэт) холбоотой бусад эрхийн баримт бичгийг энэ дүрмийн заалтыг үндэслэн гаргана.

4. Замыг зөвхөн тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд ашиглана.

5. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий бусад техник хэрэгслийг эвдэх, гэмтээх, халхлах, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих, замын хучлагыг эвдэхийг хориглоно.

6. Жолооч зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхэд зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодно. Үүнд:

- «В» ангиллын тээврийн хэрэгслийн жолооч суудлын автомашин, бүх жин нь 3500 кг (7700 фунт)-аас бага ачааны юм уу жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашин, 750 кг-аас илүүгүй жинтэй чиргүүлтэй;

- «С» ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бүх жин нь 3500 кг (7700 фунт)-аас их ачааны автомашин, 5000 кг хүртэл даацтай чиргүүлтэй;

- «Д» ангиллын тээврийн хэрэгслийн жолооч өөрөөсөө гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (автобус);

- «Е» ангиллын тээврийн хэрэгслийн жолооч, жолоодохыг зөвшөөрсөн «В», «Д» ангиллын автомашиныг 750 кг-аас дээш жинтэй, «С» ангиллын автомашин 5000 кг-аас дээш даацтай чиргүүлтэйгээр;

- «F» ангиллын тээврийн хэрэгслийн жолооч зөвхөн троллейбус жолоодно;

- автомашин сонирхогчийн үнэмлэхтэй хүн амины бүх төрлийн суудлын автомашиныг 750 кг-аас илүүгүй жинтэй чиргүүлтэйгээр;

- мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн бүх төрлийн мотоцикл, мопед болон тахир дутуу хүнд зориулсан автомашин;

- суурин газарт ердийн хөсөг болон унадаг дугуй жолоодох хүн тухайн орон нутгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас олгосон гэрчилгээтэй байна;

- механизмын гуравдугаар зэргийн жолооч 150 хүртэл морины хүчтэй гинжит буюу дугуйт тракторыг нэг чиргүүлтэйгээр;

- механизмын хоёрдугаар зэргийн жолооч гинжит ба дугуйт трактор, комбайн, тэдгээрийн явах ангид суурилсан бусад өөрөө явдаг механизмыг чиргүүлтэй буюу ажлын тоног төхөөрөмжтэй;

- механизмын нэгдүгээр зэргийн жолооч өөрөө явдаг бүх төрлийн механизмыг ажлын тоног төхөөрөмж, чиргүүлтэйгээр;

Тайлбар: Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон, мөн овор ихтэй, аюултай ачаа тээвэрлэдэг автомашиныг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл дээр 3-аас дээш жил тасралтгүй ажилласан жолоочоор жолоодуулна.

7. Энэ дүрэмд хэрэглэсэн зарим тодорхойлолт, нэр томьёо дараах утгатай байна.

«Замын хөдөлгөөнд оролцогч» - замын хөдөлгөөнд оролцож яваа явган хүн, жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч.

«Жолооч» - ямар нэг тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваа хүн.

«Явган зорчигч» - явганаар буюу хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн, мөн жагсаалаар яваа хүмүүс, тахир дутуу хүний дугуй (тэргэнцэр) унасан, унадаг дугуй, мопед, мотоциклийг хөтөлж замаар яваа хүн (зам тавих, засварлах, цэвэрлэх зэргээр зам дээр ажиллагсад үүнд үл хамаарна.)

«Давуу эрх» - явах чигтээ бусад тээврийн хэрэгслээс урьтан хөдлөх эрх.

«Зам тавьж өгөх» - бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй байх шаардлага.

«Түр зогсолт» - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минут хүртэл хугацаагаар зогсоох. Харин зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахад түүнээс илүү хугацаагаар зогсож болно.

«Удаан зогсолт» - зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийг зогсоох.

«Зайлшгүй зогсолт» - жолоочийн биеийн байдал, техникийн эвдрэл, ачиж яваа ачаа, байгалийн элдэв үзэгдэл зэргээс болж хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох.

«Гүйцэж түрүүлэх» - явж байсан эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэж урд нь орох үйлдэл.

«Үзэгдэх орчин хязгаарлагдах» - байгалийн элдэв үзэгдэл (манан, шуурга гэх мэт) болон шороон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрээс цааш зам харагдахгүй байх.

«Харанхуй үе» - үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаа.

«Зам» - замын хөдөлгөөнд зориулсан зурвас газар (зорчих хэсэг, хоёр хажуугийн шороон зурвас, явган хүний зам, тусгаарлах зурвас орно).

«Гол зам» - хучилгатай, хучилгагүй замын аль хучилгатай нь буюу уулзварын өмнө 1.4 а, 1.4 б, 1.4 в, 4.1 тэмдэг тавьсан зам. Хучилгатай замтай, шороон зам хучилгаар нийлсэн бол адил замын уулзварт тооцохгүй.

«Зорчих хэсэг» - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар хязгаарласан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно.

«Тусгаарлах зурвас» - зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй, хөдөлгөөний зэргэлдээ чиглэлүүдийг тусгаарласан замын хэсэг.

«Хөдөлгөөний эгнээ» - автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуу зурвас. Зорчих хэсэг нь хэдэн ч эгнээтэй байж болно.

«Уулзвар» - замууд нэг төвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарласан талбай).

Ойролцоох талбай, орон сууцны хороолол, хашааны хаалга, зогсоол, шатахуун түгээгүүр, албан байгууллага, үйлдвэр зэргээс зам уруу нийлж байгаа зорчих хэсгийг гарц гэнэ.

«Явган хүний зам» - зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс тусгаарлах зурвасаар зааглаж явган зорчигч явахад зориулсан замын хэсэг.

«Явган хүний гарц» - явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан 4.10 тэмдэг буюу 1.11 а, б тэмдэглэлтэй зорчих хэсэг.

«Төмөр замын гарам» - төмөр замтай нэг төвшинд огтолцсон замын хэсэг.

«Суурин газар» - хүн ам, үйлдвэр, аж ахуйн газрууд төвлөрч суурьшсан дэвсгэр нутаг (аймаг, хот, сум, нэгдэл, САА, ТАА, бригад, хэсгийн төв гэх мэт). Суурин газрын хилийг 4.3, 4.4 тэмдгээр тэмдэглэнэ.

«Тээврийн хэрэгсэл» - хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл.

«Механикжсан тээврийн хэрэгсэл» - хөдөлгүүр бүхий бүх төрлийн авто, цахилгаан тээврийн хэрэгсэл, трактор, өөрөө явдаг машин механизм.

«Мотоцикл» - хөдөлгүүр бүхий шаахайтай юм уу шаахайгүй хоёр дугуйтай буюу бүх жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурван дугуйтай тээврийн хэрэгсэл.

«Мопед» - 50 см3 хүртэл ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс бага тээврийн хэрэгсэл.

«Унадаг дугуй» - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг, тахир дутуу хүний тэрэгнээс бусад тээврийн хэрэгсэл.

«Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл» - тогтоосон чиглэлээр явдаг автобус, троллейбус, чиглэлийн такси, хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон автомашин.

«Чиргүүл» - механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл.

«Бүх жин» - тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаатай буюу зорчигчтой нийт жин.

«Бодит жин» - тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно.

«Ердийн хөсөг» - уналга, ачилгад ашигласан мал, амьтан юм уу түүнд хөллөсөн хэрэгсэл (хөсөг).

 

 

Дараагийн хуудас..»»