Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЖОЛООЧ НАРЫН НИЙТЛЭГ ҮҮРЭГ

 

8. Жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бие эрүүл, хүнлэг энэрэнгүй хүн байх ёстой.

9. Механикжсан тээврийн хэрэгсэл, мотоцикл, мопедийн жолооч биедээ заавал авч явах бичиг баримт:

а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх;

б) тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

в) замын хуудас, ачсан ачааны баримт бичиг (амины автомашин, мотоцикл, мопедэд ашиглалтын дэвтэр);

г) өөр хүний эзэмшлийн амины тээврийн хэрэгсэл жолоодож яваа бол итгэмжлэл.

10. Монгол улсад гадаад орноос ирсэн жолооч доорх үүрэгтэй:

а) ЗЦ газраас олгосон жолоодох эрхийн үнэмлэхтэй байх;

б) тээврийн хэрэгслээ ЗЦ албанд бүртгүүлж улсын дугаар буюу түр зөвшөөрөл авч эх орондоо буцахдаа бүртгэлээс хасуулж, хэрэв улсын дугаар авсан бол буцааж өгнө.

11. Жолоочийн үүрэг:

а) жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж явна. Ажилд гарахын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг нарийн шалгаж, ялангуяа тоормос, жолооны механизм, дугуй, чирэх хэрэгсэл, гэрэлтүүлэх хэрэгсэл, шил арчуурын ажиллагаа, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, улсын дугаар тод эсэх, ар талыг харах толь зөв тавигдсан эсэхийг шалгаж илэрсэн гэмтлийг нэн даруй засах;

б) эзэмшиж буй авто тээврийн хэрэгслийн марк, зориулалт, өнгө, хөдөлгүүр болон арлын дугаар өөрчлөгдөх бүрийд ЗЦ албанд дахин бүртгүүлж хөдөлгөөн хийлгэж байх;

в) мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

г) зам тээврийн осол (3ТО)-д нэрвэгдсэн хүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;

д) 3ТО болон техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохисноор зогсож бололцоотой тусламж үзүүлэх;

е) замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй буюу ЗТО гарсан бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж аль ойр байгаа цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

ж) хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа цагдаагийн байгууллагын ажилтан нарт тээврийн хэрэгслээр үйлчлэх;

з) амь насанд нь аюул тулгарсан хүмүүст тусламж үзүүлэхээр яваа эмнэлгийн ажилтныг замын дагуу хүргэх, эсвэл ийм өвчтөнг эмнэлэгт хүргэхээр яваа эмнэлгийн болон Цагдаагийн байгууллагын ажилтанд явж байгаа чиглэлийг үл харгалзан тээврийн хэрэгслээр үйлчлэх (дипломат төлөөлөгчийн, мөн аюултай ачаа ачсан тээврийн хэрэгсэлд ж, з заалт хамаарахгүй).

Тайлбар: Хойшлуулшгүй ажилд тээврийн хэрэгсэл хэрэглэсэн хүн замын хуудсанд явсан зай, хугацаа, өөрийн овог нэр, албан тушаал, үнэмлэхийн дугаарыг тэмдэглэнэ.

и) цагдаагийн байгууллагын ажилтан, туслах хүчин, тээвэр ашиглалтын улсын байцаагч, зэвсэгт хүчний авто техникийн шалгах алба, ой, ан агнуурын байцаагч, зам ашиглалтын албаны ажилтны дохиогоор зогсож жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, замын хуудас, тээж яваа ачааны баримт бичгээ шалгуулах;

к) ЗТО-ын улмаас өөрөө явж чадахгүй болж эвдэрсэн тээврийн хэрэгслийг зөөвөрлөхөд ЗЦ албаны ажилтны шаардлагаар автомашиныг хэрэглүүлэх;

л) хамгаалалт бүхий автомашины цуваа, тусгай дуут дохио буюу анивчдаг гэрлээр тоноглосон автомашин, мотоциклийн дохиогоор зогсож зам чөлөөлөн өнгөрүүлэх;

12. Шуурхай албаны (өнгө бичлэг, гэрэл, дуут дохиогоор ялгасан) автомашин, мотоциклийн жолооч хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа үед анивчдаг гэрлээ асаасан буюу тусгай дуут дохио ажиллуулсан бол хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 4, 5 (зохицуулагчийн дохионоос бусад), 6, 7 дугаар бүлгүүдийн заалтаас гажиж болно.

13. Жолоочид хориглох нь:

а) согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

б) тээврийн хэрэгслээ бааз, гараашид нь буюу чиглэлийн дагуух амрах буудалд хүрч, зогсоолд тавиагүй үедээ түүнийг жолоодоогүй ч гэсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэх;

в) өвчний буюу хэт ядарсны улмаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй болсон, ажиллах чадвар, анхаарал сулруулах үйлчилгээтэй эм болон бусад зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

г) жолоочийн эрхийн үнэмлэхгүй буюу үнэмлэхтэй ч гэсэн замын хуудсанд нэрийг нь бичээгүй, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоодож яваа тээврийн хэрэгслээ шилжүүлэх;

д) тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ мөр гаргах, байгаль орчин, газрын хөрс, малын бэлчээр, хэвтэр бууц, хадлан тариалангийн талбай, зүлэг, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг болон хиймэл усан байгууламжийг бохирдуулах;

е) зам хөндлөн болон гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх.

14. ЗТО-д холбогдсон жолоочийн үүрэг:

а) тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, осолд холбогдол бүхий эд юмыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б) ЗТО-д нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эмнэлгийн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн газарт аль тааралдсан тээврийн хэрэгслээр буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, замын хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирнэ.

в) ЗТО-ын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх;

г) ЗТО-д холбогдсон тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд саад хийж, бусдад явах боломжийг хааж байвал хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан ЗТО-д холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримт, ул мөрийн байрлалыг нарийн тодорхой тэмдэглэн бэхжүүлсний дараа зорчих хэсгийг чөлөөлж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»