Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЯВГАНААР БУЮУ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧДЫН НИЙТЛЭГ ҮҮРЭГ

 

15. Явган зорчигч явган хүний замаар (зориулсан зам байхгүй бол замын хажуугийн шороон хэсгээр) явна. Ийм зам байхгүй буюу явах боломжгүй тохиолдолд тэрэг түрсэн, чарга чирсэн эсвэл овор ихтэй ачаа барьж яваа хүмүүс хөдөлгөөний чигийн эсрэг зорчих хэсгийн зүүн гар талын захаар нэг эгнээгээр цувж явахыг зөвшөөрнө. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гудамж, замаар явуулж хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдээ хөтөлж явна.

16. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоогүй замд жагсаалаар яваа хүмүүс нэг эгнээнд дөрвөөс илүүгүйгээр хөдөлгөөний чигийн дагуу зорчих хэсгийн баруун гар талаар явна. Жагсаалыг өдрийн цагт урд болон ард нь улаан дарцаг, харанхуй буюу орчин муу үзэгдэх үед урд нь цагаан, ард нь улаан гэрэл дохио барьсан хүн хамгаалж явна.

17. Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол замын зүүн гар талын шороон хэсгээр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж явуулах бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзаж явна.

18. Явган зорчигч нь зам хөндлөн гарахдаа гарцын шугам юм уу 4.10 тэмдэгтэй газраар, тэмдэг, тэмдэглэл байхгүй бол ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж замын дагуу хоёр талдаа сайн харагдах хэсгээр эгц хөндлөн гарна.

19. Зогсож байгаа тээврийн хэрэгслийн зөвхөн ар талаар тойрч, анхааралтай гарвал зохино.

20. Явган зорчигч хөдөлгөөнийг зохицуулдаг зам хөндлөн гарахдаа зөвхөн ногоон гэрэл дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Зам хөндлөн гарч амжаагүй явахад дохио өөрчлөгдвөл замын голд буюу аюулгүйн зурвас дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээнэ. Замын голоос өнгөрсөн үед дохио өөрчлөгдвөл шууд нэвтрэн гарна.

21. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулсан талбай дээр, тийм талбайгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд хүлээнэ.

22. Тээврийн хэрэгслийн бүхээгийн гишгүүр болон хүн суухад зориулаагүй хэсэг, мөн ачааны автомашины тэвшнээс дээш гарсан ачаан дээр суух, ачааны автомашины тэвшин дээр зогсох, цонхоор толгойгоо гаргах буюу ямар нэгэн юм цухуйлгах, тээврийн хэрэгслээс зүүгдэх, хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулахыг хориглоно.

23. Тээврийн хэрэгслийн хаалгыг хаахад саад хийх юм уу дур мэдэн нээх, мөн явдал дунд хаалгаа нээхийг жолоочоос шаардахыг хориглоно. Зорчигч, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа явган хүний зам тал уруу юм уу ар тал уруу бууж тэр талаас сууна.

24. Явган зорчигч нь явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр хөндлөн гарах, зорчих хэсгээр гүйх, зам дээр тоглох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар саад хийхийг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»