Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Хөдөлгөөн эхлэх ба чиг өөрчлөх

78. Жолооч хашаа болон бусад газраас гарч замд нийлэх, мөн замаас гарахдаа тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.

79. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх боломжийг хангана.

80. Жолооч байраа эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ.

81. Жолооч хөдөлгөөний чигээ өөрчлөхийн өмнө анхааруулах дохио өгч бусад тээврийн хэрэгсэлд саад хийхгүйгээр зохих байраа эзэлнэ. Баруун гар тийшээ эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхийн өмнө хамгийн зүүн гар талын эгнээг тус тус эзэлсэн байвал зохино. Хэрэв зорчих хэсэгт хөдөлгөөний чигийг заасан тэмдэг, тэмдэглэл байвал тухайн эгнээнээс сум заасан чигт явна. Байр эзлэх үйлдлийг уулзвар, гарцаас 20-100 метрийн зайд гүйцэтгэсэн байвал зохино.

82. Зүүн гар тийшээ юмуу буцаж эргэхдээ өөдөөс шулуун яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

Хэрэв зорчих хэсгийн өргөн зүүн гар талын эгнээнээс буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээнээс эргэхийг зөвшөөрнө. Гэхдээ өөдөөс болон араасаа яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлбэл зохино.

83. Буцаж эргэхийг хориглох тохиолдол:

а) явган хүний гарц дээр;

б) уулзвар, гарцад 20 метрээс ойр зайд;

в) төмөр замын гарам дээр;

г) гүүрийн дээр, доор;

д) зорчих хэсгийн тэнхлэгийн үргэлжилсэн шугамыг давж;

е) зам 100 м-ийн дотор муу үзэгдэх газар;

ж) зохицуулдаггүй уулзвар дээр хөндлөн зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй үед хөдөлгөөний урсгалыг сөрөхөөр бол.

84. Ухрах хөдөлгөөнийг хориглох тохиолдол:

а) уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд;

б) явган хүний гарц дээр;

в) автобус, троллейбусны буудалд 20 метрээс ойр зайд;

г) ар тал нь жолоочид харагдах боломжгүй үед.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»