Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Гүйцэж түрүүлэх

85. Жолооч гүйцэж түрүүлэхийнхээ өмнө хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа болон бусад тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх боломжтой эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

86. Урдаа яваа тээврийн хэрэгслийн зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ эргэх дохио өгөөд зохих байраа эзэлсэн байвал түүнийг баруун гар талаар нь тойрч гарч болно.

87. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө, гүйцэж түрүүлсний дараа анхааруулах дохио заавал өгнө. Гүйцэж түрүүлэхдээ харанхуй үед өөдөөс ойртон ирсэн тээврийн хэрэгсэлгүй байвал гэрлээ үе үе шилжүүлж, хориглоогүй газарт дуут дохио өгч болно.

88. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийш эргэх дохио өгч анхааруулна.

89. Нэг чигт хоёр буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлсэн жолооч эгнээндээ буцаж орсны дараа дахин гүйцэж түрүүлэх бол зүүн гар талын эгнээндээ түр явж болно.

90. Нарийн замд өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа буюу гүйцэж түрүүлэх боломжгүй нөхцөлд урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг оролдох бусдын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

91. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол:

а) уулзвар, гарц дээр;

б) төмөр замын гарам дээр юм уу гарам хүртэл 100 метрээс ойр зайд;

в) суурин газарт хүн тээвэрлэсэн автобус, троллейбус, ачааны автомашинаар цагт 30 км-ээс илүү хурдтай яваа тээврийн хэрэгслийг;

г) гүйцэж түрүүлж байгаа юмуу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг;

д) замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу огцом эргэлт дээр мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу замын цаад хэсэг нь харагдахгүй бусад газарт.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»