Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх

92. Харанхуй болж эхлэх, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг асааж явбал зохино.

93. Гэрэлтүүлэгтэй замаар явахдаа гэрэлтүүлгийн байдлыг харгалзан ойрын буюу жижиг гэрлийг асааж явна. Чиргүүл чирч яваа үед хамгийн сүүлчийн чиргүүлийн гэрэл асдаг байвал зохино.

94. Замын гэрэлгүй хэсэгт тээврийн хэрэгслийн холын гэрлийг асааж явна. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд, мөн жолоочийг гялбуулж болох бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хөдөлгөөний хурдаа хасах буюу зогсооно.

95. Харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрэлтүүлэггүй замд тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоохдоо жижиг гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд бололцоогүй үед ослын дохионы гэрлийг асаана. Ослын дохионы гэрэл байхгүй юмуу гэмтэлтэй бол тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд ослын зогсолтын тэмдэг буюу улаан гэрэл асааж тавина.

Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн бүхээг дээрх таних гэрлийг харанхуй үед хөдөлгөөнд оролцоход, харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зогсоход асаана.

96. Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд хэрэглэж болох бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Түүнийг суурин газарт тусгай зориулалтын (түймэр унтраах алба, эмнэлгийн түргэн тусламж, цагдаагийн байгууллагын зэрэг) автомашин албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болно.

97. Манангийн гэрлийг цас, бороо орж байгаа юм уу өтгөн манан будантай үед дангаар нь буюу ойрын болон холын гэрлийн хамт асааж болно.

Тайлбар: Автомашинд хоёр, мотоциклд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг замын гадаргуугаас 250 мм-ээс багагүй өндөрт, автомашины урд талд, хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»