Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Түр буюу удаан зогсох

98. Жолооч тээврийн хэрэгслийг баруун гар талын эгнээнд зорчих хэсгийн зах буюу хашлаганд шахаж зогсооно. Шороон замд бол замын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зогсвол зохино. Нэг чигийн хөдөлгөөнтэй замд зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахын тулд явган хүний зам тал уруу юмуу, ар тал уруугаа буулгах, тэр талаас суулгах (ачих) бололцоотой тээврийн хэрэгслийг зүүн гар талын захын эгнээнд орж түр зогсохыг зөвшөөрнө.

99. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох бүхий л арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.

Бусдын хөдөлгөөнд саад болохоор бол зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгохыг хориглоно.

100. Тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгийн баруун гар талын захыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Зогсоолын талбай буюу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийхгүй газарт ташуу байрлалаар зогсоож болно.

Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсоход тээврийн хэрэгслийг замаас зайдуу юм уу тусгай зориулсан талбайд, хот айлын дэргэд бол хотолсон мал үргэхээргүй газарт зогсооно.

101. Түр буюу удаан зогсохыг хориглох тохиолдол:

а) уулзвар, гарц дээр юмуу, түүнд 20 метрээс ойр зайд;

б) явган хүний гарц дээр юмуу, түүнд 5 метрээс ойр зайд;

в) автобус, троллейбус, таксийн буудал дээр юмуу, түүнд 20 метрээс ойр зайд;

г) төмөр замын гарам дээр;

д) гүүрийн дээр, доор;

е) гэрэл дохио, замын тэмдэг халхлах газарт;

ж) тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс тэнхлэгийн үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт;

и) мал төллөлтийн үед хот айл юмуу, суурь бригадын орчимд тусгайлан татсан гортиг буюу хатгасан дарцгаас дотогш орох;

102. Удаан зогсохыг хориглох тохиолдол:

а) бусдын хөдөлгөөнд саад болох бүх газарт;

б) төмөр замын гарам дээр буюу түүнд 100 метрээс ойр зайд;

в) хашааны хаалган дээр буюу түүнд 5 метрээс ойр зайд;

г) аль нэгэн чигт орчин 100 метрт харагдахгүй, замын дагуу хотгор, гүдгэр, огцом эргэлт тойрууд.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»