Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

 

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход энэ дүрмийн зорилго оршино.

2. Тээврийн хэрэгслийг дор дурьдсанаар ангилж, тухайн ангилалд тохирсон жолоодох эрхийн үнэмлэх олгоно:

- “А” ангилалд бүх төрлийн мотоцикл, тахир дутуу хүнд зориулсан автомашин;

- “В” ангилалд суудлын автомашин, бүх жин нь 3500 кг (7700 фунт)-аас бага ачааны буюу жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашин, 750 кг-аас ихгүй жинтэй чиргүүлтэй;

- “С” ангилалд бүх жин нь 3500 кг (7700 фунт)-аас их ачааны автомашин, 5000 кг хүртэл даацтай чиргүүлтэй;

- “Д” ангилалд өөрөөсөө гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл;

- “Е” ангилалд зөвшөөрөгдсөн “В”, “Д” ангиллын автомашиныг 750 кг-аас их жинтэй, “С” ангиллын автомашиныг 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй;

/Энэ заалтад Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор нэмэлт орсон/

- Трактор, өөрөө явдаг машин механизм, түүнд тохирох чиргүүлтэй.

3. “Д” ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс дээш, бусад ангиллын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно.

Тайлбар: Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон, овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэдэг автомашиныг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл дээр 3-аас дээш жил тасралтгүй ажилласан жолоочоор жолоодуулна.

4. Энэ дүрэмд байгаа зарим нэр томъёог дараах утгаар ойлгоно:

“Бодит жин” - тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;

“Бүх жин” - тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, зорчигчийн нийт жин;

“Гарц” - ойролцоох талбай, орон сууцны хороолол, зогсоол, шатахуун түгээгүүр, албан байгууллага, үйлдвэр зэрэг рүү орох, тэдгээрээс гарч буй зорчих хэсгүүд замтай огтлолцсон бэлчир;

/Энэ тодорхойлолтод Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/

“Гол зам” - хучлагатай болон шороон замын хучилттай нь буюу уулзварын өмнө энэ дүрмийн хавсралтын (цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) 3.1, 3.3а,б,в тэмдэг тавьсан зам. Хучлагатай замтай, шороон зам хучилтаар нийлсэн бол адил замын уулзварт тооцохгүй;

“Гүйцэж түрүүлэх” - явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл;

/Энэ тодорхойлолтыг Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

“Давуу эрх” - бусад оролцогчдоос урьтан хөдөлгөөнд эхлэн орох үйлдэл;

“Ердийн хөсөг” - уналга, ачлагад ашиглаж байгаа мал, амьтан буюу түүнд хөллөсөн хэрэгсэл (хөсөг);

“Зайлшгүй зогсолт” - жолооч, зорчигчийн биеийн байдал, техникийн эвдрэл, ачиж яваа ачаа, байгалийн үзэгдэл зэргээс болж хөдөлгөөнд саад, аюул учирч болзошгүй үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;

“Зам тавьж өгөх” - замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл;

/Энэ тодорхойлолтыг Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

“Зорчих хэсэг” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар хязгаарлагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;

“Мопед” - 50 см куб хүртэл ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий 2 буюу 3 дугуйтай, цагт 50 км-ээс ихгүй техникийн хурдтай тээврийн хэрэгсэл;

/Энэ тодорхойлолтод Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/

“Механикжсан тээврийн хэрэгсэл” - хөдөлгүүрээр тоноглогдсон мопедоос бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл;

“Мотоцикл” - хөдөлгүүр бүхий /шаахайтай буюу шаахайгүй/ 2 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд бүх жин нь 400 кг-аас хэтрэхгүй 3 буюу 4 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна;

“Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл” - тогтоосон чиглэлээр явдаг автобус, троллейбус, чиглэлийн такси, хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашин;

“Суурин газар” - 5.3-5.6 тэмдгээр тэмдэглэсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр;

“Төмөр замын гарам” - төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын хэсэг;

“Тусгаарлах зурвас” - зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй, хөдөлгөөний зэргэлдээ чигүүдийг тусгаарласан замын хэсэг;

“Түр зогсолт” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минут хүртэл хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих болон буулгахад түүнээс илүү хугацаагаар зогсоож болно;

“Удаан зогсолт” - зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих болон буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийг зогсоох үйлдэл;

“Унадаг дугуй” - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (тахир дутуу хүний тэрэгнээс бусад) тээврийн хэрэгсэл;

/Энэ тодорхойлолтод Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор нэмэлт орсон/

“Уулзвар” - замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир /зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарлагдсан талбай/;

“Үзэгдэх орчин хязгаарлагдах” - байгалийн үзэгдэл /манан, шуурга гэх мэт/ болон шороон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон нөхцөл;

“Харанхуй үе” - үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаа;

“Хөдөлгөөний эгнээ” - автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас. Зорчих хэсэг хэд хэдэн эгнээтэй байж болно;

“Чиргүүл” - механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл;

“Явган хүний гарц” - явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан 5.15 тэмдэг буюу 7.11.а,б тэмдэглэлтэй зорчих хэсэг;

“Явган хүний гарам” - замын зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй 5.16 тэмдэг тавигдсан явган хүнд зориулсан гарц;

“Явган хүний зам” - зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс шороон хэсгээр зааглагдсан явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг.

5. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, байрлалыг дур мэдэн өөрчлөх, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих, замын хучилтыг эвдэхийг хориглоно.

6. /Энэ зүйлийг Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

7. Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

Дараагийн хуудас..»»