Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ХОЁР. Хөдөлгөөнд оролцогчдын үүрэг

 

1. Жолоочийн үүрэг

8. Жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

9. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримтыг биедээ заавал авч явна:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх;

б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, амины автомашины ашиглалтын дэвтэр;

в/ бусдын амины тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох бол итгэмжлэл;

г/ шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг.

10. Монгол Улсад ирсэн гадаадын харъяат жолооч дор дурьдсан үүрэгтэй:

а/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид “Замын цагдаагийн алба” гэх)-наас зөвшөөрсөн жолоодох эрхтэй байх;

б/ тээврийн хэрэгслээ замын цагдаагийн албанд бүртгүүлж, улсын дугаар буюу түр зөвшөөрөл авч, Монгол улсаас гарахдаа бүртгэлээс хасуулж, хэрэв улсын дугаар авсан бол түүнийгээ буцааж өгнө.

11. Жолооч нь дор дурьдсан үүрэг хүлээнэ:

а/ замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

б/ явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх;

/Энэ заалтыг Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

в/ явган зорчигчийг зам хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас байхгүй бол зорчигчийг замын нөгөө талд гарсны дараа хөдөлгөөнийг үргэлжлүүлэх;

г/ ажилд гарахын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, ялангуяа тоормос, жолооны механизм, дугуй, чирэх хэрэгсэл, гэрэлтүүлэх хэрэгсэл, шил арчуурын ажиллагаа, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, улсын дугаар тод эсэх, ар талыг харах толь зөв тавигдсан эсэхийг шалгаж илэрсэн гэмтлийг нэн даруй засах;

д/ эзэмшиж буй тээврийн хэрэгслийн марк, зориулалт, өнгө, хөдөлгүүр болон арлын дугаар өөрчлөгдөх бүрт Замын цагдаагийн албанд дахин бүртгүүлж байх;

е/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

ж/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;

з/ зам тээврийн осол болон техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх;

и/ замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй буюу зам тээврийн осол гарсан бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж аль ойр байгаа цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

к/ гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт этгээдийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд тээврийн хэрэгслээрээ үйлчлэх;

Тайлбар: Дээр дурьдсан ажилд тээврийн хэрэгсэл хэрэглэсэн албан тушаалтан явсан зай, хугацаа, өөрийн овог нэр, албан тушаал, үнэмлэхний дугаараа тэмдэглэж албан ёсны баримт бичиж өгнө. Үүнийг үндэслэн гарсан шууд зардлыг цагдаагийн байгууллага төлнө.

Харин дипломат төлөөлөгчдийн болон албан тушаалын, түүнчлэн үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламжийн, гал унтраах албаны, техникийн ослын дуудлагын автомашиныг дайчилж болохгүй;

л/ цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээж яваа ачааны баримт бичгээ шалгуулах;

м/ хамгаалалт бүхий автомашины цуваа, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, мотоциклийн дохиогоор зогсож зам (зорчих хэсгийг) чөлөөлөн өнгөрүүлэх.

12. Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон автомашин, мотоциклийн жолооч хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа үед тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан бол хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн замын хөдөлгөөн зохицуулах дохио /зохицуулагчийн дохионоос бусад/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам болон хавсралтын заалтыг мөрдөхгүй.

13. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно:

а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

б/ тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундааны зүйл хэрэглэх;

в/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэй боловч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулах;

г/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг болон хиймэл усан байгууламжийг бохирдуулах;

д/ тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио дур мэдэн тавих;

е/ зам хөндлөн болон гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх.

14. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, осолд холбогдол бүхий эд юмыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн газарт аль тааралдсан тээврийн хэрэгслээр буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж, тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүйгээр цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх.

Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнийг бүрэн хаасан болон осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа зорчих хэсгийг чөлөөлж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»