Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ГУРАВ. Замын хөдөлгөөн зохицуулах дохио
2. Зохицуулагчийн дохио
31. Зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө.
32. Зохицуулагч нь жолооч, явган зорчигч руу хажуугаараа хандан дохиурыг цээжиндээ авсан буюу доош буулгасан байвал:
а/ тээврийн хэрэгсэл чигээрээ юмуу баруун гар тийш явж болно;
б/ явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.
33. Зохицуулагч дохиурыг урагш заасан байвал:
а/ түүний ар тал буюу баруун гар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарч болно;
б/ зохицуулагчийн өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэнэ;
в/ зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт явж болно.
34. Зохицуулагч дохиурыг цээжиндээ авсан буюу доош буулгасан байвал түүний ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно.
35. Зохицуулагч дохиурыг өргөсөн байвал тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Дохио өөрчлөгдөх үед уулзварт орсон жолооч аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр зам хөндлөн гарч яваа явган зорчигчийг зам чөлөөлсний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох бөгөөд замын голд дөхөж яваа явган зорчигч аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээнэ.
36. Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохиж шүгэлдсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч зогсох үүрэгтэй. Зохицуулагчийн бүсний анивчсан шар гэрэл, дохиур буюу шүглийн дохио нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой.
37. Зохицуулагч нь жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чигийг өөрчлөх, байр эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, зогсохыг анхааруулсан ойлгогдохуйц дохио өгч болно.
38. Зохицуулагчийн дохио нь гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлээс эсрэг утгатай байвал жолооч, явган зорчигчид зохицуулагчийн ойлгогдохуйц дохиог баримтална.