Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ГУРАВ. Замын хөдөлгөөн зохицуулах дохио
1. Гэрлэн дохио
25. Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн босоо буюу хэвтээ байрлалтай гэрлэн дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай гэрлэн дохио нь улаан, шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош /хэвтээ байрлалтай гэрлэн дохио дээрх дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш/ байрлана.
26. Босоо байрлалтай гэрлэн дохио нь ногоон сум бүхий нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно. Нэмэгдэл дохио нь ногоон гэрлийн төвшинд байрлана.
27. Гэрлэн дохио нь дор дурьдсан утгатай байна:
а/ ногоон гэрэл дохио нь тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөнийг бүх чигт зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь шар гэрэл асах гэж байгааг анхааруулна;
б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулж тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Ногоон гэрлээр явган хүний гарц буюу уулзварт орсон жолооч шар гэрэл ассан тохиолдолд аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Мөн тохиолдолд зорчих хэсэг дээр явж байгаа явган зорчигч нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэх буюу аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээнэ;
в/ анивчсан шар гэрэл дохио нь тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд болгоомжтой явахыг анхааруулна;
г/ улаан гэрэл дохио нь тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь түүний хориглох утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.
28. Нэмэгдэл гэрэл дохио нь ногоон гэрэлтэй хамт асаж байвал тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүх чигт, улаан гэрэлтэй хамт асаж байвал зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрөх бөгөөд нэмэгдэл гэрэл дохио нь асаагүй бол сум заасан чигт явахыг хориглоно. Зүүн гар тийшээ эргэх чиг заасан сум нь буцаж эргэхийг зөвшөөрнө. Улаан гэрэлтэй хамт асаж байгаа нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс ногоон гэрлээр яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
/Энэ зүйлд Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/
29. Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад дээд талдаа улаан, доод талдаа ногоон гэрэлтэй дохио хэрэглэнэ. Энэ гэрэл дохио явган хүний дүрстэй буюу “Зогс”, “Яв” гэсэн бичлэгтэй байж болно.
30. Гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзварын өмнө түрүүлж нэвтрэх эрх олгосон тэмдэг тавьсан байсан ч жолооч гэрлэн дохиог удирдлага болгоно.