Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам
2. Тээврийн хэрэгсэл байрлан явах
46. Зорчих хэсгийн эгнээний тоог замын тэмдэглэл буюу 5.10, 5.12, 5.13 тэмдгээр тодорхойлно. Тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан байрлалаа сонгож явна.
47. Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болохоор ойр явна. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.
48. Нэг чигт гурав буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд зөвхөн зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд ачааны автомашин, автобус, троллейбус, трактор, өөрөө явдаг машин механизм хамгийн зүүн гар талын эгнээгээр явахыг хориглоно.
49. Дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчих замд эсрэг урсгалд орох, сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхээс бусад тохиолдолд дунд эгнээнд орохыг тус тус хориглоно.
50. Саадыг тойрон гарахад өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах бол түүнийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.
51. Троллейбусны жолооч өмнөх троллейбус шугамнаас салаагүй байгаа тохиолдолд зэрэгцээ эгнээнд орохыг хориглоно.