Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам

 

3. Тээврийн хэрэгслийн хурд

52. Жолооч замын өргөний хэмжээ, замын дагуу үзэгдэх орчин, байгаль, цаг агаарын нөхцөл, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, үйлчилгээний ажлын онцлог, тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөний нягтралыг харгалзан хөдөлгөөний хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

53. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарч болзошгүй газарт хөдөлгөөний хурдыг хасаж, зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.

54. Суудлын болон ачааны автомашин, автобус, мотоцикл болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг суурин газарт цагт 60 км, улсын чанартай буюу орон нутгийн замд цагт 80 км, хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашины хурдыг улсын чанартай, хатуу хучилттай замд цагт 70 км, бусад бүх төрлийн замд цагт 50 км, трактор, өөрөө явдаг машин механизмын болон механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үеийн хурдыг цагт 40 км, тууш замд суудлын болон бүх жин нь 3,5 тн-оос бага ачааны автомашины хурдыг цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй явбал зохино.

/Энэ зүйлд Засгийн газрын 2003 оны 99 дүгээр тогтоолоор нэмэлт орсон/

55. Жолооч уулзварт ойртох үедээ хөдөлгөөнийг хориглох дохио өгмөгц тээврийн хэрэгслээ зогсоох юмуу давуу эрх бүхий тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх бололцоо бүхий хурдтай явбал зохино.

56. Жолооч хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, шалтгаангүйгээр хэт удаан явах болон огцом тоормослох зэргээр хөдөлгөөн саатуулахыг хориглоно.

57. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»