Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам
4. Анхааруулах дохио
58. Анхааруулах дохионд эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгсөн дохио, дуут дохио, гэрэл шилжүүлэх, өдрийн цагт асаасан ойрын гэрэл, тоормосны болон ухрах арааны гэрэл, мөн ослын дохио буюу зогсолтын тэмдэг хамаарна. Жолооч хөдөлгөөний чигээ өөрчлөхийн тулд тэр чигт явахаа анхааруулсан дохио /анхааруулах дохио байхгүй буюу ажиллахгүй үед гараар/ өгнө.
Эргэх чиг заадаг гэрлээр анхааруулах дохио өгөх тохиолдол:
а/ хөдөлгөөн эхлэх буюу зогсохын өмнө;
б/ байр эзлэх, эргэх үйлдэл хийхийн өмнө.
59. Хэрэв жолооч анхааруулах дохиог гараар өгөх бол:
а/ зүүн гар тийш болон буцаж эргэх, байр эзлэх, хөдөлгөөн эхлэхийн өмнө автомашины жолооч зүүн гараа гадагш чигээр нь сунгах бөгөөд мотоциклийн жолооч баруун гараа тохойгоор нь нугалж дээш өргөнө;
б/ баруун гар тийш эргэх, байр эзлэх болон зогсохын өмнө автомашины жолооч зүүн гараа тохойгоор нь нугалж дээш өргөх бөгөөд мотоциклийн жолооч баруун гараа хажуу тийш нь чигээр нь сунгана;
в/ тоормослохын өмнө гараа сунган дээш доош нь хөдөлгөнө.
Баруун гар талдаа жолооны хүрд бүхий тээврийн хэрэгслийн жолооч, мопед болон унадаг дугуйгаар зорчигч нь мотоциклийн жолоочийн адил, тракторын жолооч, ердийн хөсөг хөтлөгч нь автомашины жолоочийн адил гараар дохио өгнө.
60. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгана. Анхааруулах дохио нь жолоочид түрүүлж нэвтрэх эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас түүнийг чөлөөлөхгүй. Холын гэрлээр анхааруулах дохио өгөхөд тэр нь урд болон өөдөөс яваа жолоочийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.
Өдрийн цагт цуваагаар явах, хүнд буюу овор ихтэй ачаа тээвэрлэх, механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед ойрын гэрлийг асаана. Хориглосон газарт зайлшгүй шалтгаанаар буюу зам тээврийн ослоос болж зогсох, жижиг гэрэл гэмтэлтэй, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан замд тээврийн хэрэгслийг зогсооход ослын дохионы гэрлийг асаана.
61. Суурин газарт дуут дохио өгөхийг хориглоно. Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зайлшгүй тохиолдолд дуут дохио өгч болно. Дуут дохио нь жолоочид түрүүлж нэвтрэх эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас түүнийг чөлөөлөхгүй.