Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам
6. Зохицуулдаг уулзвар нэвтрэх
65. Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоодог уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ. Анивчсан шар гэрэлтэй буюу гэрэл дохио нь ажиллаагүй уулзварыг зохицуулдаг уулзварт тооцохгүй.
66. Зөвшөөрсөн дохиогоор уулзварт орсон жолооч уулзвараас гарах үедээ гэрэл болон зохицуулагчийн дохио ямар байгааг үл харгалзан явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Зөвшөөрсөн гэрэл дохио асахад жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зам хөндлөн гарч яваа зорчигчид зам тавьж өгнө.
Уулзварт жолоочийн явах чигийн өмнө “Зогс” тэмдэглэл байвал уулзварт тавигдсан гэрэл дохио бүрийг удирдлага болгоно.
67. Уулзвар дээр буцаж эргэх үйлдэл хийгээд дуусч байгаа тээврийн хэрэгсэлд хөндлөн замаар яваа жолооч гэрэл дохионы заалтыг үл харгалзан зам тавьж өгнө.
Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талаас баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.
68. Жолооч хориглосон гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор “Зогс” тэмдэглэлийн /хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзварын/ өмнө зогсоно.