ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл. Тодорхойлолт

Энэ Конвенцид хэрэглэгдэх доорхи нэр томъёонуудыг энэ зүйлд заасан утгаар ойлгоно:

а) “Үндэсний хууль тогтоомж” - гэдэгт Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэр дээр үйлчилж буй үндэсний буюу орон нутгийн хууль, дүрмийн цогц нийлбэрийг ойлгоно;

b) “Олон улсын хөдөлгөөн” - д оролцож байгаа тээврийн хэрэгсэл гэдэгт аливаа улсын нутаг дэвсгэр дээр байгаа тээврийн хэрэгсэл нь:

i) энэ улсын хувьд гадаадын харъяат гэгдэх бие хүн буюу хуулийн этгээдэд харъяалагдаж байвал,

ii) энэ улсад бүртгэгдээгүй бол,

iii) энэ улсад түр хугацаагаар орж ирсэн байвал

тооцох бөгөөд гэхдээ Хэлэлцэн тохирогч аль ч Тал өөрийн нутаг дэвсгэр дээр нэгээс дээш жил (үргэлжлэх хугацааг Хэлэлцэн тохирогч Тал өөрөө тогтоож болно) тасралтгүй оршин байгаа аливаа тээврийн хэрэгслийг “Олон улсын хөдөлгөөн”-д оролцож байгаа гэж тооцохгүй байх эрхтэй.

Тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнээс дор хаяж нэг нь энэ тодорхойлолтод нийцэж байвал уг тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнийг “Олон улсын хөдөлгөөн”-д оролцож байна гэж үзнэ;

c) “Суурин газар” - гэдэгт түүн рүү орох, гарах хэсэг нь зохих тэмдгүүдээр тусгайлан тэмдэглэгдсэн буюу эсвэл үндэсний хууль тогтоомжид бусад байдлаар тодорхойлогдсон, барилгажсан нутаг дэвсгэрийг ойлгоно;

d) “Зам” - гэдэгт гудамж, замын хөдөлгөөнд нээлттэй зурвас газрыг ойлгоно;

e) “Зорчих хэсэг” - гэдэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг ойлгоно. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан буюу өөр өөр түвшинд байрласан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;

f) “Зорчих хэсгийн зах” - гэдэгт захын эгнээ буюу унадаг дугуйн зам нь тодорхой тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд зориулагдсан зорчих хэсэг дээр бусад хөдөлгөөнд оролцогчдын хувьд замын үлдэж байгаа хэсгийн захыг ойлгоно;

g) “Эгнээ” - гэдэгт мотоциклоос бусад автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэйгөөр зорчих хэсгийг дагуу хуваасан тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зурвасыг ойлгоно;

h) “Уулзвар” - гэдэгт замууд нэг түвшинд нийлсэн буюу салсан аливаа огтлолцлыг ойлгоно;

i) “Төмөр замын гарам” - гэдэгт тус тусын зурвас бүхий төмөр зам буюу трамвайн замтай замын нэг түвшин дэх аливаа огтлолцлыг ойлгоно;

j) “Тууш зам” - гэдэгт замын дагуух эзэмшилд үйлчилдэггүй, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулж тусгайлан байгуулсан замыг ойлгоно. Энэ зам нь:

i) зарим хэсэгтээ буюу түр зуурын горимоос бусад тохиолдолд эсрэг хөдөлгөөнтэй бөгөөд хоёр талын хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас буюу онцгой тохиолдолд бусад хэрэгслээр зааглагдсан байна;

ii) зам, төмөр зам, трамвайн зам, явган хүний замын алинтай ч нэг түвшинд огтлолцоогүй байна;

iii) тууш зам тусгайлан тэмдэглэгдсэн байна;

k) Үүнд:

i) “Түр зогсолт” - гэдэгт хүн буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад шаардагдах хугацаагаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгахыг ойлгоно;

ii) “Удаан зогсолт (зогсоолд байлгах)” - гэдэгт хүн буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад шаардагдах хугацаагаар хязгаарлагдаагүй бөгөөд ямар нэг саадыг мөргөхөөс зайлсхийх буюу дүрмийн заалтыг биелүүлэхээс өөр шалтгаанаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгахыг ойлгоно.

Гэхдээ тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгасан хугацаа нь үндэсний хууль тогтоомжоор тогтоосон хугацаанаас хэтрээгүй бол Хэлэлцэн тохирогч Талууд энэ хэсгийн “ii”-т тодорхойлсон байдлаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгасныг ч “түр зогссон” гэж тооцож болно. Түүнчлэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгасан хугацаа нь үндэсний хууль тогтоомжоор тогтоосон хугацаанаас хэтэрч байвал Хэлэлцэн тохирогч Талууд энэ хэсгийн “i”-д тодорхойлсон байдлаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгасныг ч “удаан зогссон” гэж тооцож болно;

l) “Унадаг дугуй” - гэдэгт унаж яваа хүний булчингийн хүчээр, тодруулбал дөрөөний буюу залуурын тусламжтайгаар явдаг, дор хаяж хоёр дугуйтай тээврийн хэрэгслийг ойлгоно;

m) “Мопед (хөдөлгүүртэй унадаг дугуй)” - гэдэгт 50 см3-ээс илүүгүй цилиндрийн багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүрээр тоноглогдсон, техникийн дээд хурд нь 50 км/цаг-аас илүүгүй, хоёр буюу гурван дугуйтай тээврийн хэрэгслийг ойлгоно.

Гэхдээ Хэлэлцэн тохирогч Тал нь өөрийн үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс ашиглагдах боломжийнхоо (тухайлбал дөрөөний тусламжтайгаар түүнийг хөдөлгөөнд оруулах боломж) хувьд унадаг дугуйн үзүүлэлтэд тохирохгүй, эсвэл техникийн дээд хурд, жин, хөдөлгүүрийнхээ зарим үзүүлэлтүүдээр тогтоосон хязгаараас давж байгаа тээврийн хэрэгслийг “мопед”-д тооцохгүй байж болно. Энэхүү тодорхойлолтын аль ч заалт нь Хэлэлцэн тохирогч Талуудаас замын хөдөлгөөнтэй холбоотой өөрийн үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ мопедыг унадаг дугуйтай бүрэн адилтгаж үзэхэд нь саад болж буй мэтээр ойлгогдох ёсгүй;

n) “Мотоцикл” - гэдэгт шаахайтай буюу шаахайгүй, хөдөлгүүрээр тоноглогдсон, хоёр дугуйтай аливаа тээврийн хэрэгслийг ойлгоно.

Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн үндэсний хууль тогтоомжид ачаалалгүй жин нь 400 кг-аас илүүгүй, гурван дугуйтай тээврийн хэрэгслийг мотоциклтой адилтгаж болно. “Мотоцикл” нэр томъёонд мопедыг хамааруулахгүй боловч Хэлэлцэн тохирогч Тал нь энэхүү Конвенцийн 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу зохих мэдэгдэл гаргасны үндсэн дээр мопедыг мотоциклтой адилтган үзэж болно;

o) “Механикжсан тээврийн хэрэгсэл” - гэдэгт мопед (мопедыг мотоциклтой адилтган үзэхгүй Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд) болон төмөр замаар явдаг тээврийн хэрэгслээс бусад өөрөө явдаг аливаа зам тээврийн хэрэгслийг ойлгоно;

p) “Автомашин” - гэдэгт хүн ба ачааг замаар тээвэрлэхэд зориулсан буюу ийм зориулалттай тээврийн хэрэгслийг замаар чирэхэд зориулсан механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно. Энэ нэр томъёонд троллейбусыг, өөрөөр хэлбэл цахилгаан шугамтай холбогддог боловч төмөр замаар явдаггүй тээврийн хэрэгслийг мөн хамааруулах ба харин хөдөө аж ахуйн трактор зэрэг хүн ба ачааг замаар тээвэрлэх болон тэдгээрийг чирэх зориулалт нь туслах чанарын үүрэгтэй тээврийн хэрэгслийг хамааруулахгүй;

q) “Чиргүүл” - гэдэгт механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулагдсан аливаа тээврийн хэрэгслийг ойлгоно. Энэ нэр томъёонд хагас чиргүүлийг ч хамааруулна;

r) “Хагас чиргүүл” - гэдэгт түүний зарим хэсэг нь чирэгч автомашин дээр тулгуурласан байдлаар холбогдож ачаа болон чиргүүлийн жингийн нилээд хэсэг нь автомашинд ногдож явдаг чиргүүлийг ойлгоно;

s) “Хөнгөн чиргүүл” - гэдэгт бүх жин нь 750 кг-аас илүүгүй бүх төрлийн чиргүүлийг ойлгоно;

t) “Тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн” - гэдэгт замын хөдөлгөөнд нэгэн бүхэл цогц байдлаар оролцдог, холбогдсон тээврийн хэрэгслүүдийг ойлгоно;

u) “Хагас чиргүүлтэй тээврийн хэрэгсэл” - гэдэгт автомашин болон түүнтэй холбогдсон хагас чиргүүлийн бүрэлдэхүүнийг ойлгоно;

v) “Жолооч (мал туугч)” - гэдэгт автомашин, унадаг дугуй гэх мэт тээврийн хэрэгслийг жолоодож яваа буюу түүнчлэн замаар мал, сүрэг тууж яваа болон ердийн хөсөг (уналга, ачилгын мал амьтан) унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно;

w) “Бүх жин” - гэдэгт тухайн тээврийн хэрэгслийг бүртгэсэн улсын эрх бүхий байгууллагаас тогтоосон тээврийн хэрэгслийн ачаатай дээд жинг ойлгоно;

x) “Ачаалалгүй жин” - гэдэгт ачаа, жолооч (экипаж), зорчигчгүй боловч шаардлагатай багаж хэрэгслийн бүрдэл, түлш шатахууны бүрэн нөөцтэй тээврийн хэрэгслийн жинг ойлгоно;

y) “Ачаалалтай жин” - гэдэгт ачаа, жолооч (экипаж), зорчигчтой тээврийн хэрэгслийн бодит жинг ойлгоно;

z) “Хөдөлгөөний тухайн чиг” ба “Хөдөлгөөний батлагдсан тал” - гэдэгт үндэсний хууль тогтоомжид тээврийн хэрэгслийн жолооч өөдөөсөө яваа бусад тээврийн хэрэгслийг зүүн гар талаараа өнгөрөөж байхаар заасан тохиолдолд хөдөлгөөний баруун гар талыг, эсрэг тохиолдолд зүүн гар талыг ойлгоно;

aa) Жолооч бусад тээврийн хэрэгсэлд “Зам тавьж өгөх” гэдэгт бусад тээврийн хэрэгслийн жолоочийг хөдөлгөөний хурд ба чигээ гэнэт өөрчлөхөд хүргэхээр бол хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй, эсвэл ямар нэг үйлдэл хийхгүй байхыг ойлгоно.

 

 

Дараагийн хуудас..»»