Замын хөдөлгөөний тухай Конвенц

 

ХАВСРАЛТУУД

 

НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ

 

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙГ ОРОЛЦУУЛАХ ҮҮРГЭЭС ТҮДГЭЛЗЭХ

 

1. Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин, чиргүүл ба тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний нийт жин буюу тэнхлэгт ногдох ачаалал, эсвэл оврын хэмжээ нь үндэсний хууль, тогтоомжоор тогтоосон хязгаар (өөрийн нутаг дэвсгэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдэд тогтоосон хязгаар)-аас хэтэрч байвал дээрх тээврийн хэрэгслүүдийг нутаг дэвсгэр дээрээ олон улсын хөдөлгөөнд оролцуулахгүй байж болно. Хэлэлцэн тохирогч Талууд нь хүнд даацын тээврийн хэрэгслүүд олон улсын хөдөлгөөнд оролцуулах нутаг дэвсгэр дээр бүс орнуудын хэлэлцээр байгуулах замаар уг нутаг дэвсгэрийн зам (хангалтгүй үзүүлэлт бүхий замаас бусад) дээр тухайн хэлэлцээрээр тогтоосноос хэтрэхгүй жин болон оврын хэмжээтэй тээврийн хэрэгсэл буюу түүний бүрэлдэхүүнийг олон улсын хөдөлгөөнд оролцуулж байхыг хичээх ёстой.

2. Энэхүү хавсралтын 1 дүгээр хэсгийн заалтыг хэрэглэхдээ тээврийн хэрэгслийн оврын өргөний дагуух хэмжээнээс дор дурдсан зүйлүүд илүү гарч байгааг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрч байна гэж тооцохгүй:

a) дугуйн замтай харьцаж буй цэгийн хажуугийн хэсэг ба дугуйн хийн даралт заагч эд ангиудын бэхэлгээ;

b) дугуйг бүрсэн халтиргаанаас хамгаалах хэрэгсэл;

c) ар талыг харах толь (түүнийг ялимгүй хүчээр түлхэхэд хоёр тал руугаа чөлөөтэй нугардаг бөгөөд ингэснээрээ тэр нь тээврийн хэрэгслийн өргөний зөвшөөрөх дээд хэмжээнээс илүү гардаггүй бол);

d) эргэх чиг заадаг хажуугийн гэрэл ба оврын гэрлүүд (эдгээр нь тээврийн хэрэгслийн овроос үл ялих илүү гарч байгаа бол);

e) ачаанд тавигдсан гаалийн ломбо ба уг ломбыг хамгаалахад зориулагдсан хэрэгсэл.

3. Дор дурдсан тээврийн хэрэгслүүдийг Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн нутаг дэвсгэр дээр (хэрэв үндэсний хууль тогтоомжоороо хориглодог бол) олон улсын хөдөлгөөнд оролцуулахгүй байж болно:

a) чиргүүлтэй мотоцикл;

b) хэд хэдэн чиргүүлтэй тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн;

c) хүн тээвэрлэхэд зориулсан хагас чиргүүлтэй тээврийн хэрэгсэл.

4. Энэ Конвенцийн 5 дугаар хавсралтын 60 дугаар хэсэгт заасны дагуу уг хавсралтын заалтуудаас гажсан автомашин, чиргүүлүүдийг Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулахгүй байж болно.

5. Хамгаалах малгай өмсөөгүй жолооч ба зорчигчтой мотоцикл буюу мопедыг Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулахгүй байж болно.

6. Хэлэлцэн тохирогч Талууд нь хоёр дугуйтай мопед, шаахайгүй мотоциклоос бусад аливаа автомашины хувьд энэ Конвенцийн 5 дугаар хавсралтын 56 дугаар хэсэгт заасан хэрэгсэлтэй байх, мөн энэ хэрэгслийг зорчих хэсэг дээр зогсохдоо уг тээврийн хэрэгсэл нь аюул үүсгэж болзошгүйг анхааруулахын тулд хэрэглэж байх болзолтойгоор өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулж болно.

7. Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэрийн зарим бартаатай хэсэгт буюу зарим хүнд нөхцөлтэй замууд дээр бүх жин нь 3500 кг-аас илүү автомашиныг үндэсний хууль тогтоомжид тусгагдсан тусгай зүйл, заалтууд (энэ нутаг дэвсгэрт бүртгэгдсэн, дээрхийн адил бүх жинтэй тээврийн хэрэгсэл тухайн бартаатай хэсэг буюу хүнд нөхцөлтэй замаар явахдаа баримтлахаар тусгагдсан)-ыг сахин баримтлах болзолтойгоор олон улсын хөдөлгөөнд оролцуулж болно.

8. Ойрын гэрлийн тусгал нь тэгш бус хэмтэй байрласан бөгөөд түүний тохиргоо нь тухайн нутаг дэвсгэрийн хөдөлгөөний чигт нийцэхээргүй бол уг автомашиныг Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулахгүй байж болно.

9. Энэ Конвенцийн 37 дугаар зүйлд зааснаас өөр ялгах тэмдэг бүхий автомашин буюу чиргүүлийг Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулахгүй байж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»