Замын дохио, тэмдгийн тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
ХОЁРДУГААР ХАВСРАЛТ
ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛҮҮД
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад хэлбэрийн тэмдэглэл
A. Сум
39. Хангалттай тооны эгнээ бүхий зам дээр уулзварт ойртож байгаа тээврийн хэрэгслүүдийн явах чигтээ байр эзэлж болох эгнээг зорчих хэсэг дээрх суман тэмдэглэлийн тусламжтайгаар зааж болно (2, 3, 19, 23 дугаар диаграмм). Суман тэмдэглэлийг нэг чигийн хөдөлгөөнтэй замын хөдөлгөөний чигийг баталгаажуулахын тулд ч хэрэглэж болно. Сумны урт 2 метрээс багагүй байх ёстой. Суман тэмдэглэлийг зорчих хэсэг дээрх бичлэгээр баяжуулж болно.
B. Зэрэгцээ ташуу шугамууд
40. Тээврийн хэрэгслийн орохыг хориглосон хэсэг талбайг тэмдэглэх жишээг 24 ба 25 дугаар диаграммуудад харуулсан болно.
C. Бичлэг
41. Хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах буюу баримжаа олгох, хөдөлгөөн зохицуулах зорилгоор зорчих хэсэг дээр бичлэг хийж болно. Эдгээр бичлэгүүд нь суурин газрын нэр, замын дугаар, эсвэл олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгддэг үг (жишээлбэл «stop», «bus», «taxi») байх нь зохимжтой.
42. Бичлэгүүд нь жолоочид харааны маш бага өнцгөөр үзэгдэх учир түүний үсгүүдийг хөдөлгөөний чигийн дагуу нилээд сунгаж дүрсэлсэн байх ёстой (20 дугаар диаграммыг үз).
43. Ойртох үеийн хурд 50 км/цаг-аас илүү бол үсгийн өндрийн доод хэмжээ 2.5 метр байна.
D. Түр ба удаан зогсолтод хамаарах тэмдэглэл
44. Замын зорчих хэсэг буюу хашлага дээр тэмдэглэл хийж түр ба удаан зогсолтыг хязгаарлаж болно. Зогсоолын хилийг зорчих хэсгийн гадаргуу дээр зохих шугамаар тэмдэглэж болно.
E. Зорчих хэсэг ба түүний дэргэдэх байгууламж дээр хийгдэх тэмдэглэл
I) Тээврийн хэрэгслийн удаан зогсохыг хязгаарласан газрыг заах тэмдэглэл
45. Энэ тэмдэглэл нь 26 дугаар диаграммд зигзаг хэлбэрийн шугамаар жишээлэгдсэн болно.
II) Саад учруулахуйц зүйл дээрх тэмдэглэл
46. Хөдөлгөөнд саад учруулж болзошгүй зүйлийг тэмдэглэх жишээг 27 дугаар диаграммд харуулсан болно.