Замын дохио, тэмдгийн тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
ХОЁРДУГААР ХАВСРАЛТ
ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛҮҮД
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хөндлөн тэмдэглэл
A. Нийтлэг заалт
29. Жолоочийн харааны өнцгөөс шалтгаалан замын хөндлөн тэмдэглэл нь дагуу тэмдэглэлээс өргөн байна.
B. Зогс-шугам
30. Зогс-шугам тэмдэглэлийн өргөний доод хэмжээ нь 0.20 метр, дээд хэмжээ нь 0.60 метр байна. Өргөний хэмжээ 0.30 метр байх нь зохимжтой гэж зөвлөж байна.
31. Энэ шугамыг замын тэмдэг (зогсохыг заасан)-тэй хослуулан хэрэглэх бол уг шугамын өмнө зогсох жолоочид уулзварт нийлсэн бусад замуудын хөдөлгөөн чөлөөтэй харагдах боломжтой байхаар байрлуулах ёстой. Ингэхдээ бусад тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөний нэвтрэх боломжийг анхаарвал зохино.
32. Зогс-шугамыг дагуу тэмдэглэлээр баяжуулж болно (18, 19 дүгээр диаграммыг үз). Эдгээрийг мөн «ЗОГС» гэсэн бичлэг бүхий тэмдэглэлээр ч баяжуулж болно. Ийм тэмдэглэлийн жишээг 20 ба 21 дүгээр диаграммуудад харуулсан болно. «ЗОГС» бичлэгийн дээд хөвөөнөөс зогс-шугам хүртэлх зай 2 метрээс багагүй, 25 метрээс илүүгүй байвал зохино.
C. Жолоочийн зам тавьж өгөх байрлалыг тэмдэглэх шугам
33. Тасархай шугамын зураас бүрийн өргөний доод хэмжээ нь 0.20 метр, дээд хэмжээ нь 0.60 метр байх бөгөөд хэрэв зэрэгцээ хоёр шугамтай байх бол тэдгээрийн хоорондын зай нь 0.30 метрээс багагүй байна. Энэ тэмдэглэлийг зэрэгцэн байрласан гурвалжингуудаар орлуулж болно. Гурвалжингуудын орой нь зам тавьж өгөх жолооч руу чиглэсэн байна. Гурвалжингийн суурийн өргөн нь 0.40 метрээс багагүй, 0.60 метрээс илүүгүй, өндөр нь 0.50 метрээс багагүй, 0.70 метрээс илүүгүй байна.
34. Хөндлөн тэмдэглэлүүдийг энэхүү хавсралтын 31 дүгээр хэсэгт дурдагдсан зогс-шугамын адил нөхцөлтэйгөөр байрлуулна.
35. Энэхүү хавсралтын 34 дүгээр хэсэгт заасан тэмдэглэлүүдийг 22 дугаар диаграммд жишээлэн үзүүлсэн гурвалжингаар баяжуулж болно. Энэ гурвалжингийн сууриас хөндлөн тэмдэглэл хүртэлх зай 2-25 метр байна. Гурвалжингийн суурийн өргөн нь 1 метрээс багагүй, өндөр нь суурийн өргөнөөс гурав дахин их байна.
36. Энэ хөндлөн тэмдэглэлийг дагуу шугамаар баяжуулж болно.
D. Явган хүний гарц
37. Явган хүний гарцыг тэмдэглэх зураасуудын хоорондын зай нь хамгийн багадаа зураасынхаа өргөнтэй тэнцүү байх ба гэхдээ хоёр дахинаас илүү байж болохгүй. Нэг зураасын өргөн ба тэдгээрийн хоорондын зайн нийлбэр нь 1 метрээс 1.4 метр хүртэл байна. Явган хүний гарцын өргөний доод хэмжээ нь хөдөлгөөний хурд 60 км/цаг-аас илүүгүй зам дээр 2.5 метр, үүнээс илүү хурдтай буюу хурд хязгаарлагдаагүй зам дээр 4 метр байхыг зөвлөж байна.
E. Унадаг дугуйн гарц
38. Унадаг дугуйн гарц нь тасархай хоёр шугамаар тэмдэглэгдэнэ. Эдгээр тасархай шугамууд нь (0.40-0.60 м) х (0.40-0.60 м) хэмжээтэй тэг дөрвөлжингүүдээс бүрдэнэ. Дөрвөлжингүүдийн хоорондын зай 0.40-0.60 метр байх бөгөөд гарцын өргөний хэмжээ нь 1.80 метрээс багагүй байвал зохино. Товруу, хавтан хэрэглэхийг сайшаахгүй.