Замын дохио, тэмдгийн тухай Конвенц

 

ХАВСРАЛТУУД

 

ХОЁРДУГААР ХАВСРАЛТ

 

ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛҮҮД

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

Дагуу тэмдэглэл  

A. Хэмжээс

2. Дагуу тэмдэглэлийн үргэлжилсэн ба тасархай шугамуудын өргөн 0.10 метрээс багагүй байх ёстой.

3. Дагуу тэмдэглэлийн зэрэгцээ хоёр шугам (хос шугам)-ын хоорондын зай 0.10 метрээс 0.18 метр байх ёстой.

4. Тасархай шугамын зураасууд нь хоорондоо ижил зайгаар таслагдсан, тэнцүү урттай байна. Зураасын урт ба тэдгээрийн хоорондын зайг тогтоохдоо тухайн замын хэсэг дээрх тээврийн хэрэгслийн хурдыг анхаарна.

5. Суурин газрын гаднах замд тасархай шугамын нэг зураасын урт 2 метрээс 10 метр хүртэл байх бөгөөд ойртолтыг тэмдэглэх шугам (энэ хавсралтын 23 дугаар хэсэгт тусгагдсан)-ын нэг зураас нь хоорондын зайнаасаа 2-3 дахин урт байвал зохино.

6. Суурин газарт тасархай шугамын нэг зураасын урт ба тэдгээрийн хоорондын зай нь суурин газрын гаднах замынхаас богино байвал зохино. Зураасын уртыг 1 метр хүртэл багасгаж болно. Гэхдээ зарим томоохон хотын хурдны зам дээрх дагуу тэмдэглэлийн үзүүлэлтүүд суурин газрын гаднах замынхтай адил байж болно.

B. Эгнээг тэмдэглэх

7. Эгнээний тэмдэглэл нь тасархай буюу үргэлжилсэн шугам, эсвэл бусад зохих хэрэгслүүдээр хийгдэнэ.

I) Суурин газрын гадна

8. Хоёр эгнээ бүхий эсрэг хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийн тэнхлэг нь дагуу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн байх ёстой. Уг тэмдэглэл нь тасархай шугам байвал зүйд нийцнэ. Үргэлжилсэн шугамыг зайлшгүй тохиолдолд хэрэглэнэ.

9. Гурван эгнээтэй замын хэвийн үзэгдэлт бүхий хэсэгт эгнээнүүдийг тасархай шугамаар тэмдэглэх нь зүйд нийцнэ. Зарим онцгой нөхцөлд хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх үүднээс үргэлжилсэн шугам буюу эсвэл үргэлжилсэн ба тасархай зэрэгцээ шугамыг хэрэглэж болно.

10. Гурваас олон эгнээтэй зам дээр хөдөлгөөний эсрэг урсгалуудыг үргэлжилсэн дан буюу хос шугамаар (голын эгнээний урсгалын чиг солигддог байж болох тохиолдлоос бусад нөхцөлд) тусгаарлана. Үүнээс гадна эгнээнүүдийг тасархай шугамаар тэмдэглэсэн байх ёстой (1a ба 1b диаграмм).

II) Суурин газарт

11. Энэхүү хавсралтын 8-10 дугаар хэсэгт тусгагдсан зөвлөмжүүд нь суурин газрын хоёроос цөөнгүй эгнээтэй эсрэг ба нэг чигийн хөдөлгөөнтэй замуудад мөн хамаарагдана.

12. Тусгаарлах зурвас буюу аюулгүйн арал, хашлага зэргээс шалтгаалан зорчих хэсгийн өргөн нарийсаж байгаа хэсэгт эгнээнүүд тэмдэглэгдсэн байх ёстой.

13. Хоёр буюу түүнээс олон тээврийн хэрэгсэл зэрэгцэн явахад хүрэлцэхүйц өргөнтэй замын томоохон уулзвар (ялангуяа зохицуулгатай)-ын ойролцоох эгнээнүүд нь 2 ба 3 дугаар диаграммд үзүүлсний дагуу тэмдэглэгдсэн байвал зохино. Энэ тохиолдолд эгнээнүүд дээр сум (энэхүү хавсралтын 39 дүгээр хэсгийг үз) тэмдэглэж болно.

C. Онцгой нөхцөлийг тэмдэглэх

I) Үргэлжилсэн шугамыг хэрэглэх

14. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх үүднээс зарим уулзвар дээрх тэнхлэгийн тасархай шугам (4 дүгээр диаграмм)-ыг үргэлжилсэн шугамаар орлуулах буюу хослуулж болно (5 ба 6 дугаар диаграмм).

15. Замын үзэгдэлт хязгаарлагдмал (замын нугачаа, эргэлт тойруу гэх мэт) хэсэг буюу зорчих хэсгийн нарийсаж байгаа хэсэг, эсвэл замын бусад ямар нэгэн онцлогтой хэсэгт бодит үзэгдэлтийн зай нь үзэгдэлтийн хамгийн бага зай (M)-аас бага байвал эсрэг урсгалд орохыг хориглох зайлшгүй шаардлагын үүднээс 7a-16 дугаар диаграммд үзүүлсний дагуу үргэлжилсэн шугаман тэмдэглэл хийх ёстой1/. Тээврийн хэрэгслийн хийц нь нийцэх орнуудын хувьд 7a-10b диаграммд заасан харааны түвшингийн 1 метрийн өндрийг 1.20 метр хүртэл өсгөж болно.

16. Тухайн замын үзүүлэлтээс хамаарч M-ийн хэмжээ хувьсна. 7a, 7b, 8a, 8b, 8c, 8d диаграммд хоёр ба гурван эгнээтэй замын үзэгдэлт хязгаарлагдмал даваа гүвээнд тавьсан шугамуудыг харуулсан болно. Эдгээр диаграмм нь хуудасны дээд хэсэгт байрласан замын зүсэлтийн зураглал болон доорхи 24 дүгээр хэсэгт тодорхойлогдсон M зайд нийцэж байгаа болно: Үзэгдэлтийн зай нь M-ээс бага байгаа A (эсвэл D) цэгээс C (эсвэл B) цэгт очих үед үзэгдэлтийн зай дахин илүү болно2/.

17. AB ба CD хэрчмүүд нэг нэгнийгээ огтолж байгаа тохиолдолд, өөрөөр хэлбэл хөдөлгөөний хоёр талын урсгалын аль аль талаас үзэгдэлтийн зай нь M-ээс илүү байх үед замын нугачаа хүртэлх тэмдэглэл нь 9, 10a, 10b диаграммд дүрслэгдсэн шиг үргэлжилсэн ба тасархай зэрэгцээ шугам байна.

18. 11a ба 11b диаграммууд нь хоёр эгнээтэй замын үзэгдэлт хязгаарлагдмал тахир хэсэгт хэрхэн шугам тэмдэглэхийг харуулсан жишээ болно.

19. Гурван эгнээтэй замын хувьд хоёр аргыг хэрэглэх боломжтой. Эдгээрийг 8a, 8b, 8c, 8d (эсвэл тухайн нөхцөлөөс хамаарч 10a, 10b) диаграммуудад харуулсан болно. 8a ба 8b (эсвэл тухайн нөхцөлөөс хамаарч 10a) диаграмм нь хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй замд, харин 8c ба 8d (эсвэл тухайн нөхцөлөөс хамаарч 10b) диаграмм нь гол төлөв дөрвөн дугуйтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөн явагддаг замд хэрэглэгдэнэ. 11c диаграмм нь гурван эгнээтэй замын үзэгдэлт хязгаарлагдмал тахир хэсэгт хэрхэн шугам тэмдэглэхийг харуулсан жишээ болно.

20. Зорчих хэсгийн нарийсалтыг тэмдэглэх шугамыг 12, 13, 14 дүгээр диаграмм дээр харуулсан болно.

21. Диаграмм 8a, 8b, 8c, 8d, 10a, 10b дээрх шилжилтийн ташуу шугамын налуу нь зорчих хэсгийн тэнхлэгтэй харьцангуйгаар 1/20-ээс илүүгүй байх ёстой.

22. Зорчих хэсгийн өргөний өөрчлөлтийг үлгэрлэн харуулсан 13 ба 14 дүгээр диаграмм, түүнчлэн саадыг тойрон гарахыг үргэлжилсэн ташуу шугамаар зааж болохыг харуулсан 15, 16, 17 дугаар диаграммууд дээрх ташуу шугамын налуу нь хурд ихтэй зам дээр 1/50-ээс бага, 50 км/цаг-аас бага хурдтай зам дээр 1/20-ээс илүүгүй байвал зохино. Түүнээс гадна үргэлжилсэн ташуу шугамын өмнө, түүн рүү чиглэсэн хөдөлгөөний талаас зорчих хэсгийн тэнхлэгт зэрэгцээ (паралель) үргэлжилсэн шугам татах бөгөөд уг шугамын урт нь дундаж хурдтай яваа автомашины 1 секундэд туулах зайтай тэнцүү байна.

23. Замын ердийн хэсэгт эгнээг тасархай шугамаар тэмдэглэх шаардлагагүй болсон тохиолдолд үргэлжилсэн шугамын өмнө тээврийн хэрэгслийн хэвийн хурдад нийцсэн зайд, өөрөөр хэлбэл 50 метрээс багагүй зайд ойртолтын тасархай шугам тэмдэглэх ёстой. Түүнчлэн замын ердийн хэсэгт эгнээг тасархай шугамаар тэмдэглэхээр болвол үргэлжилсэн шугамын өмнө тээврийн хэрэгслийн хэвийн хурдад нийцсэн зайд, өөрөөр хэлбэл 50 метрээс багагүй зайд мөн ойртолтын шугамыг тэмдэглэх ёстой. Тэмдэглэлд жолоочийн хөдөлгөөнөө үргэлжлүүлбэл зохих эгнээг урьдчилан заах зориулалттай нэг буюу хэд хэдэн суман тэмдэглэл нэмж болно.

II) Үргэлжилсэн шугамыг хэрэглэх нөхцөл

24. Замын хэсэг дээр үргэлжилсэн шугам тавих үед үзэгдэлтийн хэмжээг сонгох болон шугамын уртын хэмжээг тодорхойлоход бодит байдалд хүлцэл байх нь зайлшгүй. Ойртон очих үеийн янз бүрийн хурдад нийцэх M хэмжээг доорхи хүснэгтээс сонгохыг зөвлөж байна3/:

 

Ойртон очих үеийн хурд

M хэмжээ

100 км/цаг

160 метрээс 320 метр хүртэл

80 км/цаг

130 метрээс 260 метр хүртэл

65 км/цаг

90 метрээс 180 метр хүртэл

50 км/цаг

60 метрээс 120 метр хүртэл

 

25. Энэ хүснэгтэд заагаагүй хурдад тохирох M хэмжээг харьцуулан жиших аргаар тооцоолж тодорхойлно.

D. Замын зорчих хэсгийн захыг тэмдэглэх

26. Зорчих хэсгийн захыг тэмдэглэх шугам нь гол төлөв үргэлжилсэн шугам байна. Энэ шугамыг хавтан, товруу буюу гэрэл ойлгууртай хослуулан хэрэглэж болно.

E. Саадыг тэмдэглэх

27. Зорчих хэсэг дээрх арал буюу бусад саадын орчимд тавих тэмдэглэлийн жишээг 15, 16, 17 дугаар диаграммд харуулсан болно.

F. Эргэлтийн шугамууд

28. Баруун гар талын хөдөлгөөнтэй улсын хувьд зүүн гар тийш хэрхэн эргэхийг, зүүн гар талын хөдөлгөөнтэй улсын хувьд баруун гар тийш хэрхэн эргэхийг жолоочид заахын тулд зарим уулзвар дээр эргэлтийн шугам тэмдэглэх нь зохимжтой.

G. Зарим төрлийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан эгнээг тэмдэглэх

28-бис. Зарим төрлийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан эгнээг тэмдэглэхдээ зорчих хэсэг дээрх бусад үргэлжилсэн буюу тасархай шугамуудаас эрс ялгаатай, тодруулбал нилээд өргөн бөгөөд тасархай зураасуудын хоорондын зай нь богино шугамыг хэрэглэнэ. Автобусны хөдөлгөөнд голчлон зориулагдах эгнээний хувьд уг эгнээний шаардлагатай хэсэг дээр, тухайлбал эгнээний эхлэл ба уулзварын цаад талд «BUS» гэсэн үг буюу эсвэл «А» үсгэн тэмдэглэл тавьсан байх ёстой. 28a ба 28b диаграммуудад хотын тээврийн байнгын шугамд явдаг тээврийн хэрэгсэлд зориулагдсан эгнээний тэмдэглэлийн жишээг харуулсан болно.

 

____________________

1/ Энэ хэсэгт заагдсан үзэгдэлтийн зай гэдэгт зорчих хэсгийн гадаргуугаас 1 метрийн өндөрт байрласан ямар нэг зүйлийг зорчих хэсэг дээрх ажиглагчийн нүд мөн 1 метрийн өндрөөс харах зайн хэмжээг ойлгоно.

2/ 7a ба 7b диаграммуудад дүрслэгдсэн A ба B цэгийн хоорондох тэмдэглэлийг үргэлжилсэн дан шугам (зэрэгцээ тасархай шугамгүй)-аар сольж болно. Энэ шугамын өмнө тэнхлэгийн тасархай шугам (дор хаяж гурван зураастай) тэмдэглэж болно. Гэхдээ энэхүү хялбарчилал нь үзэгдэлтийн зохих зай байсаар байхад жолоочийн гүйцэж түрүүлэх үйлдэлд саад болох тул түүнийг зөвхөн онцгой тохиолдолд болгоомжтойгоор хэрэглэх ёстой. Буруу ойлголт төрүүлэхээс зайлсхийхийн тулд тухайн нэг чиглэл (маршрут) буюу тухайн нэг нутаг дэвсгэрийн нэг төрлийн чиглэл (маршрут)-үүдэд хоёр өөр арга хэрэглэхээс аль болох татгалзвал зохино.

3/ Ойртон очих үеийн хурдыг тогтоохдоо замын тухайн хэсгээр нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн 85 хувийнх нь хэтрүүлээгүй хурдыг буюу эсвэл энэ хурдаас үндсэн хурд илүү байвал үндсэн хурдыг сонгоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»