АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
Тэмдгийн төрөл хэлбэр
Анхааруулах тэмдгийн бүлгийн дугаар - “1” юм. Энэ бүлэг 1.1-ээс 1.28 хүртэл дугаарлагдсан 28 тэмдгээс бүрдэнэ. Эдгээрийн дотроос 1.3, 1.8, 1.9 тэмдгүүд нь тус бүр хоёр, 1.15, 1.28 тэмдгүүд нь тус бүр гурав, харин 1.4 тэмдэг нь зургаан төрөлтэй байна.
Энэ бүлгийн тэмдгүүдийн үндсэн хэлбэр нь адил талт гурвалжин бөгөөд нэг тал нь хэвтээ, түүний эсрэг өнцөг нь дээш чиглэсэн, цагаан дэвсгэртэй, улаан өнгийн хүрээтэй байна. Харин зарим тэмдгүүд, тодруулбал 1.3, 1.4, 1.28 тэмдгүүдийн хэлбэр гурвалжин биш юм. Гурвалжин хэлбэртэй тэмдгийн доторхи цагаан дэвсгэр дээр тухайн тэмдгийн утгыг илэрхийлэх, өөрөөр хэлбэл замын аюул бүхий хэсгийн шинж төлөвийг илтгэсэн дүрсийг хар өнгөөр тусгасан байна.
Дашрамд дурдахад Замын дохио, тэмдгийн тухай Конвенцид анхааруулах тэмдгийн үндсэн хэлбэрийг хоёр хувилбартайгаар тусгасан байдаг юм. Эхний хувилбар болох Аа хэлбэр нь цагаан буюу шар өнгийн дэвсгэр бүхий улаан өнгийн хүрээтэй адил талт гурвалжин бөгөөд харин дараагийн хувилбар болох Ab хэлбэр нь шар өнгийн дэвсгэр бүхий хар өнгийн нарийн зураасан эмжээртэй, диагоналийнхаа дагуу босоо байрлалтай адил талт дөрвөлжин (өөрөөр хэлбэл ижил өнцөгт ромб) юм.
|
Аа |
Ab |
|
Энэхүү хоёр хувилбарын гаднах хэлбэр нь өөр боловч харин дотор нь тавигдах дүрсүүд нь ижил байна. Тус Конвенцийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар аливаа улс нь уг Конвенцид нэгдэн орохдоо анхааруулах тэмдгийн дээрх хоёр хэлбэрийн алийг нь хэрэглэхээр сонгосноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар мэдэгдэх ёстой юм. Энэхүү шаардлагын дагуу 1997 онд Монгол Улс тус Конвенцид нэгдэн орохдоо анхааруулах тэмдгийн Аа буюу гурвалжин хэлбэрийг сонгож байгаагаа Улсын Их Хурлаар соёрхон баталж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн юм. Гэхдээ манай улс тус Конвенцид нэгдэн ороогүй байхдаа ч гурвалжин хэлбэрийн анхааруулах тэмдэг хэрэглэдэг байсныг энд нэмж өгүүлэх нь зүйтэй юм. Ер нь хил залгаа бүс орнууд аль болох ижил төрлийн тэмдэг, дүрсүүд хэрэглэж байх нийтлэг шаардлага олон улсын хэмжээнд тавигддаг бөгөөд энэ ч үүднээс манай улс хөрш зэргэлдээ орныхоо замын тэмдгийн системийг хүндэтгэн үзэж, өөрийн орны нөхцөлд тохируулан авч хэрэглэсээр ирсэн түүхэн уламжлалтай юм.
Анхааруулах бүлгийн бүх тэмдгүүд норматив тэмдэгт хамаарагдана. Иймд энэ бүлгийн тэмдгүүдийг MNS 4597:2003 стандартын А хавсралтад үзүүлсэн дүрслэл буюу ЗХД-ийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан хэв загвараас өөрөөр дүрсэлж хийхийг хориглоно. Харин зарим анхааруулах тэмдгийн хувьд түүний доторхи дүрсийг толинд туссан байдлаар хувиргаж хэрэглэх тохиолдол бий. Тухайлбал: 1.17, 1.18, 1.19, 1.21, 1.22 тэмдгүүдийг зорчих хэсгийн зүүн гар талд байрлуулах тохиолдолд тухайн тэмдгийн доторхи дүрсийг толин хэмээр эргүүлж дүрсэлнэ. Түүнчлэн 1.23 тэмдгээр анхааруулж буй чулууны нуранги бүхий аюул нь замын зүүн гар талд оршиж байвал уг тэмдгийг мөн толин хэмт хэлбэрээр дүрсэлж хэрэглэнэ.