АВТО ЗӨВЛӨГӨӨ

 

1. Автомашины дугуйн марк, тэмдэглэгээ

 

Автомашины дугуйн гадаргуугийн хажуу бөөрөн дээр янз бүрийн үсэг, тоон бичиглэл бүхий тэмдэглэгээнүүд тавигдсан байдаг. Эдгээр бичиглэлүүд нь уг дугуйг үйлдвэрлэсэн газрын нэр, дугуйн марк, түүний даац, элэгдэлт тэсвэрлэх, халалт даах чадвар, барьцалт болон хийлэх даралтын хэмжээ зэргийг илэрхийлсэн байдгаас гадна уг дугуйн геометр хэмжээсийг заасан байдаг.

 

1. Дугуйн геометр хэмжээсийн тэмдэглэгээнүүд

Дугуйн хэмжээсийг илтгэсэн бичиглэл нь дугуйн хажуу гадаргуугийн амсрыг дагуулан бичигдсэн байх бөгөөд ямар утга илэрхийлсэн байдгийг дараахь жишээн дээр тайлбарлая:

 

 

 

- Дугуйн төрөл: P - үсгээр суудлын автомашины дугуйг, LT - үсгээр бага оврын ачааны автомашины дугуйг, Т - үсгээр запас дугуйг гэх мэтчилэн тэмдэглэнэ.

- Дугуйн өргөн: 235 - гэсэн тоо нь дугуйн өргөнийг миллиметрээр илэрхийлнэ. Энэ нь тухайн дугуйн мөөрний зузаанд тохирч байх шаардлагатай.

- Дугуйн өндөр, өргөний харьцаа: 75 - энэ харьцаа нь дугуйн хажуугийн өндөр (дугуйн амсраас хээний ирмэг хүртэлх хажуугийн зай) нь өргөнийхөө хэдэн хувийг эзэлж байгааг процентоор илэрхийлнэ. Энэ тоо бага байх тусам өргөнтэйгөө харьцангуй намхан, өргөн дугуй байна гэж ойлгоно.

- Дугуйн утасны ороодсын хэлбэр: R - энэ үсэг нь дугуйн хийц буюу доторхи утасны ороодсын бүтцийн хэлбэрийг илэрхийлнэ. Хамгийн түгээмэл хувилбар болох радиаль хэлбэрийн ороодсыг R үсгээр, хуучны загварын диагональ хэлбэрийн ороодсыг D, бүслүүрт дагуу ороодсыг B гэх зэргээр тэмдэглэдэг. Хэрэв энэ үсгийн хажууд дахиад тэмдэглэгээ байвал дугуйн ханын зузаан, үе давхарга зэргийг илэрхийлсэн байж болно.

- Мөөрний диаметр: 15 - энэ хэмжээс нь дугуйн амсрын дотоод диаметр буюу мөөр (обод) суух хэсгийн диаметрийг инчээр илэрхийлнэ. Эксель маркийн автомашинд 13, Сонатагийнх 14 гэх мэтчилэн янз бүр байна.

Дээрх хэмжээсүүдийг ашиглан тухайн дугуйн гадна диаметрийг тодорхойлж болно. Үүнийг дээрх жишээнд хэрэглэсэн дугуйн геометр хэмжээсийн өгөгдлүүдийг ашиглан тооцоолъё:

- дугуйн хажуугийн өндөр (дугуйн амсраас хээний ирмэг хүртэлх хажуугийн зай) нь өргөнийхөө 75 хувьтай тэнцүү учир: 235 мм х 75% = 235 х 0.75 = 176.25 мм буюу 6.94 инч байна.

- дугуйн хажуугийн өндөр нь диаметрийнхээ дагуу хоёр дахин байх тул дээрх хэмжээг 2-оор үржүүлээд мөөр (обод)-ний диаметрийг нэмбэл дугуйн гадна диаметрийн хэмжээ гарна. Үүнд:

(6.94 х 2) + 15 = 28.9 инч буюу 733.8 мм байна.

            Энэ хэмжээ нь тухайн дугуйн ачаалагдаагүй үеийн диаметр бөгөөд ачаалагдсан үедээ газарт тулах босоо тэнхлэгийнхээ дагуу багасна.

 

2. Дугуйн чанарын тэмдэглэгээнүүд

Суудлын автомашины дугуйнд хэмжээсийн тэмдэглэгээнээс гадна “Uniform Tire Quality Grading” буюу “UTQG” системийн тэмдэглэлийг хийсэн байдаг. Энэ тэмдэглэл нь Америкийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба (U.S. National Highway Traffic Safety Administration (NHTSA))-ны шаардлагыг уг дугуй хэрхэн хангасан талаар дараахь гурван үзүүлэлтийг илэрхийлнэ:

- Tread Wear 480: Энэ бичиглэл нь дугуйн хээний элэгдлийн нөөцийг илэрхийлэх ба өндөр тоотой байх тусам төдий чинээ удаан элэгдэнэ гэсэн үг.

- Traction: Энэ нь дугуйн барьцалтын чанарыг илэрхийлнэ. Барьцалтыг АА, А, В, С гэсэн латин үсгээр үнэлдэг. Жишээ нь АА үсэг хамгийн сайн үнэлгээ болно.

- Temperature: Энэ нь дугуйн халалт тэсвэрлэх чанарыг илэрхийлэх бөгөөд уг үзүүлэлтийг мөн А, В, С үсгээр үнэлнэ. Хамгийн их халалт тэсвэрлэх чадвартай дугуй нь А үсгээр тэмдэглэгдэх ба ийм дугуйнуудыг гол төлөв уралдааны автомашинд хэрэглэдэг. Хэтэрхий сул хийлэх, хэт ачаалах, өндөр хурдтай явах зэрэг нь дугуйн халах гол нөхцөл болно.

 

3. Дугуйн ашиглалтын зааврын тэмдэглэгээнүүд

Дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын заавар нь дараахь хоёр чухал үзүүлэлтийг илэрхийлнэ:

- Load Ratings: Энэ нь дугуйн ачаалал хүлээн авах чадвар буюу тухайн дугуйн даах хамгийн их ачааны хэмжээг индексээр илэрхийлнэ. Индексийн тоо их байх тусам ачаалал сайн даана гэсэн үг. Жишээ нь: Индекс “105” гэж байвал уг дугуй 2039 фунд буюу 924.87 кг ачаанд тохирно. Сүүлийн үед индексийг ойлгомжтой байлгах үүднээс зарим дугуйнд даацын дээд хэмжээ (max load)-г килограммаар буюу фунтээр бичих болсон байна. Дугуйн даацыг сонгохдоо 25-30 хувийн нөөцтэй байхаар тооцоолох нь зүйтэй байдаг. Индексийн ард бага зэрэг зайтай бичигдсэн тоо нь хийлэх даралтын хэмжээг илэрхийлнэ.

- Speed Rating: Энэ үзүүлэлт нь тухайн дугуйгаар явж болох дээд хурдыг заана. Жишээ нь: S үсгээр 112 майл/цаг буюу ойролцоогоор 180 км/цаг-аас хэтрэхгүй хурдтай явах зориулалт бүхий дугуйг тэмдэглэнэ. Дугуйг сонгож авахдаа 20-30 км/цаг-ийн хурдны нөөцтэй байхаар тооцоолох нь зүйтэй байдаг.

 

4. Бусад тэмдэглэгээнүүд

- Rotation: Зарим дугуйн хажуу гадаргуу дээр эргэлтийн чигийг заасан суман тэмдэглэгээ тавьсан байдаг. Ийм дугуйн эргэлтийн чигийг автомашины урагш явах чигт тохируулан угсрах шаардлагатай.

- Season: Ийм тэмдэглэгээ нь уг дугуйг ямар улирал, цаг агаарын нөхцөлд хэрэглэх ёстойг заана. Дугуйг өвлийн, зуны, бүх улирлын гэж ангилна. Өвлийн буюу бүх улирлын дугуйн хажуу гадаргуу дээр тухайлбал нь, MS (Mud Snow - цасан шавхай), AW (Any Weather - цаг агаарын ямар ч нөхцөлд), AS (All Seasons - бүх улирлын) гэх мэт тэмдэглэгээнүүд тавигдсан байдаг. Сүүлийн үед үйлдвэрлэгдэж буй зарим дугуйнуудад үсгийн оронд англи хэл мэдэхгүй хүнд ойлгогдохоор нар, цасан ширхэг, борооны дүрс харуулсан тэмдэглэгээ хийдэг болсон нь уг дугуйг аль улиралд хэрэглэхийг ялгахад хялбар болгосон байна.

 

Дараагийн хуудас..»»