ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ
2. Цус алдсан үед үзүүлэх анхны тусламж
Насанд хүрсэн хүний биед дунджаар 5 литр цус байдаг. Цус алдалтыг гадуур ба дотуур гэж ангилдаг. Дотуур цус алдалт нь аюултай бөгөөд анхны тусламж үзүүлэх болон оношлоход төвөгтэй байдаг. Гадуур цус алдалтыг артерийн судасны, венийн судасны, хялгасан судасны гэж ангилна.
- Артерийн судасны цус алдалтын үед цус нь тод улаан өнгөтэй байх бөгөөд хүчтэй олгойдож лугшилтаар гардаг. Энэ үед цус гарч байгаа шархны дээд хэсэгт судсан дээр эрхий хуруу буюу дөрвөн хурууны өндгөөр ясанд нь тултал чанга дарж, дарсан хэсгийнхээ дээхнэ талаар гарт ойр байгаа зүйл (уяа, бүс, даавуу, алчуур гэх мэт)-ээр чанга бооно. Цус алдалт зогсохгүй бол шархны дээд хэсгээр чангалуур тавих бөгөөд зориулалтын резинэн чангалуур байхгүй үед бүс, тэлээ зэрэг гарын доорх материалыг ашиглана. Чангалуур тавихдаа дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй. Чангалуур дор зөөлөн даавуу, бинтийг жийрэг маягаар тавьж арьс болон зөөлөн эд хавчигдах, хумигдахаас хамгаална. Чангалуурыг 2 цагаас илүү хугацаанд тавьж болохгүй бөгөөд чангалуур тавьсан цаг хугацааг тодорхой бичиж унаж хаягдахгүйгээр хавчуулсан байх шаардлагатай.
Дээрх хугацаанд эмчийн тусламж авч чадахааргүй бол чангалуурыг хэдэн минут суллах ба тэр үедээ цус алдсан шархнаас дээхнүүр судас дээр хуруугаараа дарж өгөхийг мартаж болохгүй. Чангалуурыг буруу тавих буюу хэт удаан байлгавал судас, мэдрэл гэмтэх, зөөлөн эд үхжих зэрэг хүндрэл тохиолдоно.
Үе мөчний яс хугараагүй боловч шархнаас цус алдаж байвал үенд нь хөвөн, бөс даавуу ивээд үеийг нугалан боож цус тогтоодог арга бас байдаг.
|
|
- Венийн судасны цус алдалтын үед цус нь хар хүрэн өнгөтэй байх бөгөөд тасралтгүй урсах маягаар удаан гардаг. Венийн судасны цус алдалтын үед даралттай боолт хийх буюу шархны доод хэсэгт дарна.
- Хялгасан судасны цус алдалтын үед цус нь ягаан өнгөтэй байх бөгөөд гэмтсэн шархны хэсгээр нэлэнхүйд нь нэвчих байдалтай гарна. Энэ үед шархны эргэн тойрон арьсыг иод, марганец, спирт гэх мэт ариутгалын бодисоор цэвэрлэж боолт хийнэ. Хэрэв цус нэвт шүүрч байвал ариутгасан бинтээр зузаан боогоод гэмтсэн мөчийг дээш нь сойно.
БАЯНГОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
СУВИЛАГЧ Цэ.БОЛОРМАА