ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ
3. Амьсгалын үйл ажиллагаа алдагдсан үед үзүүлэх анхны тусламж
Гэмтэгсдийн амьсгалын үйл ажиллагаа алдагдах үед нэн даруй яаралтай тусламж үзүүлэхгүй бол амь нас алдах аюултай. Усанд живэх, цахилгаан гүйдэл ба аянганд цохиулах, хүчилтөрөгч багатай (утаажсан цех, авто гарааш, гүн худаг, уурхай, автоцистерн гэх мэт/ орчинд удаан байх, цээж уушигны хүнд гэмтэл, амьсгалын зам бүтэн ба хагас бөглөрөх зэрэгт амьсгал хямарч зогсох аюултай. Амьсгал зогсох шалтгаануудыг мэдэж байвал яаралтай тусламж үзүүлэхэд хялбар юм.
Амьсгалын цочмог хямралын үед цээжин хэсгээр бие барьсан хувцсыг тайлж амьсгалын замыг чөлөөлөх арга хэмжээг авна. Үүний тулд нэг гараа хүзүүний ард, нөгөө гараа духан дээр нь байрлуулан хөнгөн маягаар толгойг нь хүчтэйхэн гэдрэг болгоно. Энэ үед хэлний угийн булчингууд сунах ба төвөнх дээш болж цагаан мөгөөрсөн хоолой чөлөөлөгдөнө.
Хэрэв гадны биет (хоолны үлдэгдэл, нөж, ус, шороо, хиймэл шүд, шүдний хагархай гэх мэт зүйл) ам залгиурт тээглэсэн бол толгойг хажуу тийш эргүүлж, долоовор хуруугаа бинтээр ороож амны хөндийд байгаа гадны биетийг авч цэвэрлэнэ. Залгиурт тээглэсэн гадны биетийг авахдаа өвчтөнийг бага зэрэг бөхийлгөж гарын алгаар дал хооронд нь хүчтэй цохино. Энэ үед зохиомол ханиалгалт үүсч гадны биет гадагшилна. Энэ арга үр дүн өгөхгүй бол тусламж үзүүлэгч ард нь зогсож баруун гараа хагас атгаж аюулхай орчимд нь байрлуулан зүүн гараараа давхар барин хүчтэй хөдөлгөөнөөр хэвлийг доороос нь дээш шахаж өгнө. Өөрөөр хэлбэл хэвлийн хөндийн дээд хэсгийн даралт ихсэн огцом шахалтаар гадны биет амьсгалын замаар гадагшилна. Амьсгалын дээд замд (уушгинд) ус орсон үед өвчтний толгойг унжуулж их биеэр нь баруун өвдөг дээгүүрээ дамнуулан байрлуулж зүүн гараараа толгойг нь гэдийлгэн, баруун гараар нуруун дээр нь 4-5 удаа цохиж усыг гадагшлуулна. Өвчтөн амьсгалахгүй байвал зохиомол амьсгал хийх хэрэгтэй. Зохиомол амьсгалыг амнаас аманд буюу амнаас хамарт хийнэ. |
|
Амнаас аманд зохиомол амьсгал хийх арга. Гэмтсэн хүнээ нуруугаар нь хэвтүүлж хүзүүн доор нь цамц, дээл зэрэг зүйлийг ивээд толгойг нь арагш гэдийлгэж хүзүүг өвчүүтэй нэг шугаманд тэгш байрлуулна. Гэмтсэн хүний аман дээр бинт (эсвэл нусны алчуур, даавуу, салфетик гэх мэт зүйл) тавина. Хажууд нь сөхөрч суугаад нэг гараа хэвтэж байгаа хүний духан дээр нь тавиад нөгөө гараараа эрүүнээс нь татаж амыг нээнэ. Амьсгалаа гүнзгий авч ам руу нь хүчтэй үлээнэ. Энэ үед өвчтөний хамрыг сайтар чимхэж байх хэрэгтэй. Эхний 3-5 үлээлтийг хурдан хийх ба нэг минутанд 12-14 удаа хийвэл үр дүнтэй. |
Амнаас хамарт зохиомол амьсгал хийх арга. Эрүү зуурсан, гэмтсэн зэрэг зарим тохиолдолд зохиомол амьсгалыг амнаас хамарт хийнэ. Ингэхдээ амнаас аманд хиймэл амьсгал хийхтэй адилаар өвчтөнийг байрлуулж нэг гараараа амыг нь сайн хааж (эрүүг сайн түлхэж, шүд, уруул сайн нийлсэн байхаар) амьсгалаа гүнзгий аваад хамар руу нь үлээнэ. Энэ үед амаар нь агаар орох, гарах боломжгүй байвал үр дүн өгнө. Хиймэл амьсгалыг хүүхдэд шууд ам, хамар руу зэрэг хийнэ.