ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ
4. Зүрхний ажиллагаа гэнэт зогсох үед үзүүлэх анхны тусламж
Зүрхний ажиллагаа зогсох үед арьс цайж, хүүхэн хараа томорч, судасны цохилт мэдрэгдэхгүй болж, амьсгал зогсох шинж тэмдэг илэрнэ. Энэ үед зохиомол амьсгал хийж зүрхэнд шууд бус иллэг хийнэ.
Зүрхний шууд бус иллэг хийх арга. Гэмтсэн хүнээ газар дээр, эсвэл хатуу тэгш зүйл дээр нуруугаар нь хэвтүүлж цээжнийх нь харалдаа сөхөрч суугаад өвчүүний доод хэсэгт гарын алгаа зөрүүлж давхарлаж тавина. Гарыг тохойн үеэр нугалахгүйгээр гарын хүчээр биш цээж биеийнхээ жингээр жигд огцом дарна. Алга дарсан хэсэгт 3-5 см хонхойж байхаар минутанд 60 удаа давтаж хийнэ. Зүрхний шууд бус иллэгийг 5 хүртэлх насны хүүхдэд 1 гараар, нярай болон хөхүүл хүүхдэд долоовор, дунд хурууны үзүүрээр хийнэ.
|
|
Зүрхний шууд бус иллэгийг зохиомол амьсгалтай хослуулан хийхэд илүү үр дүнтэй байдаг. Нэг хүн тусламж үзүүлж байвал уушгинд хоёр удаа зохиомол амьсгал өгч, 15 удаа зүрхний шууд бус иллэгийг хийнэ. Өвчтөний далан доор хувцас буюу бусад зүйл ивж толгойг нь гэдрэг болгон амьсгалын замыг чөлөөтэй байлгавал зохино.
Хоёр хүн тусламж үзүүлж байвал нэг нь зүрхний шууд бус иллэгийг хийж доош нь дараад буцаах үед нь нөгөө нь зохиомол амьсгал өгөх маягаар ээлжлэн хийнэ. Нэг удаа амьсгал өгч, 4 удаа зүрхний шууд бус иллэг хийх нь зүйтэй.
Зүрхний шууд бус иллэг болон зохиомол амьсгалыг цаг хугацаанд нь зөв хийвэл зөвхөн зүрхний үйл ажиллагаа төдийгүй бусад эрхтний алдагдсан хэм хэмнэлийг ч сэргээдэг.