АВТОМАШИНЫ ЖОЛООНЫ ХҮРДНИЙ БАЙРЛАЛ

 

Анхны автомашинуудад жолоочийн суудал буюу жолооны хүрдийг автомашины гол дунд байрлуулж байжээ. Яваандаа зарим үйлдвэрлэгчид эсрэг талын хөдөлгөөнөөс сэрэмжлэх үүднээс жолоочийн суудлыг замын тэнхлэгт буюу хөдөлгөөний эсрэг урсгал талд аль болох ойр байрлуулж эхэлсэн бол харин нөгөө нэг хэсэг нь замын хажуугийн барилга байгууламж, хайс хашлага, хажуугийн шуудуу гэх мэт саадаас сэрэмжлэх үүднээс эсрэг талд нь жолоочийн суудлыг байрлуулах болсон байна. Эцсийн эцэст энэ хоёр хувилбар дотроос эхнийх нь давамгайлжээ. Өөрөөр хэлбэл замын баруун гар талын хөдөлгөөнтэй улс оронд ашиглагдах автомашины жолоочийн суудал хөдөлгөөний эсрэг урсгал талд буюу автомашины зүүн гар талд, үүний нэгэн адил замын зүүн гар талын хөдөлгөөнтэй улс оронд ашиглагдах автомашины жолоочийн суудал мөн л хөдөлгөөний эсрэг урсгал талд буюу автомашины баруун гар талд байрлаж байхаар олон улсын хэмжээнд шийдвэрлэжээ.

Аюулгүй байдлын үүднээс цөөнгүй улс орон жолооны хүрд нь “буруу” талдаа байрласан автомашин худалдах буюу импортлохыг хориглосон байдаг юм. Австралид энэ заалт орчин үеийн автомашинд хамаарах бөгөөд зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашин оруулж ирэх бол түүнийгээ баруун гар талдаа жолооны хүрдтэй болгон хувиргах шаардлагатай болдог байна. Шинэ Зеландад зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хувиараа оруулж ирэн орон нутагтаа унахыг зөвшөөрдөг боловч түүнийгээ худалдахад хүрвэл баруун гар талдаа жолооны хүрдтэй болгож байж худалдах ёстой ажээ.

Камбожийн тухайд гэвэл ашиглагдаж буй автомашиных нь бараг 80 хувь нь Тайландаас нууцаар оруулж ирсэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашин байдаг бөгөөд ийм автомашин ашиглахыг 2001 оноос хориглосон байна. Засгийн газар нь хэдийгээр их зардал гаргах шаардлагатай боловч тэдгээр автомашиныг зүүн гар талдаа жолооны хүрдтэй болгон өөрчлөхгүй бол хурааж авах хүртэл арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн ажээ. «Би-Би-Си»-гийн мэдээлснээр, жилийн орлого нь 1000$ хүрдэггүй энэ оронд жолооны хүрдний байрлалыг солиход бараг 2000$ төлөх ёстой болдог нь автомашин эзэмшигчдийг хүнд байдалд оруулж байгаа гэнэ.

Мөн Орос, Перу, Баруун Африк, Гана, Гамби зэрэг орнуудад буруу талдаа жолооны хүрдтэй автомашин ашиглахыг хориглосон байдаг бөгөөд Орос, Перу зэрэг орнууд Японоос оруулж ирж буй автомашинуудыг зүүн гар талдаа жолооны хүрдтэй болгон өөрчилдөг болсон байна.

Британий Виржиний арлууд болон АНУ-ын Виржиний арлууд, Матрын арлууд, түүнчлэн Багам, Турк, Кокосын арлууд зэрэг замын зүүн гар талын хөдөлгөөнтэй Карибын арлын орнуудад ашиглагдаж буй автомашины ихэнх нь АНУ-аас оруулж ирсэн зүүн гар талдаа жолооны хүрдтэй байдаг бөгөөд зөвхөн засгийн газрын автомашинууд нь л баруун буюу зөв талдаа жолооны хүрдтэй байдаг гэнэ.

Японы дотоодын зах зээлд худалдаж байгаа гадаад брэндийн автомашинууд нь уламжлалт ёсоор зүүн гар талдаа буюу буруу гар талдаа жолооны хүрдтэй байдаг гэнэ. Энэ нь нэг ёсны гадаадын автомашин гэдгийг гэрчлэн харуулах тэмдэг болдог байна. Энэхүү сонирхолтой ёс нь тэр байтугай баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин үйлдвэрлэдэг уламжлалтай Британий автомашинд ч хүртэл хамаардаг гэнэ. Харин АНУ-ын зарим үйлдвэр Японы зах зээлд зориулан баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин үйлдвэрлэж байсан боловч төдий л их амжилтанд хүрээгүй ажээ. Японд гадаад брэндийн автомашин тархахын хэрээр баруун гар талдаа жолооны хүрдтэй үндэсний загваруудыг эрхэмлэх үзэл улам бүр нэмэгдсээр байгаа гэнэ.

АНУ анхнаасаа буюу Британий колони байх үедээ ч замын баруун гар талын хөдөлгөөнийг баримталж байсан нь сонирхолтой юм. Үүнийг зүүн гар талдаа жолоочийн суудалтай Конестогагийн вагонуудыг үйлдвэрлэж байсантай холбоотой гэсэн нийтийн дунд тархсан таамаг яриагаар тайлбарлах нь бий. Гэхдээ АНУ-д импортоор орж ирсэн баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг өргөнөөр хэрэглэж байжээ. Эдүгээ АНУ зөвхөн зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашин үйлдвэрлэдэг бөгөөд АНУ-ын Виржиний арлуудыг эс тооцвол жолооч нар нь замын баруун талыг баримтлан явж, урд яваа автомашинаа зүүн гар талаар нь гүйцэж түрүүлж байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»