ЗАМЫН БАРУУН БУЮУ ЗҮҮН ГАР ТАЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ

ГАРАЛ ҮҮСЭЛ БА ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН ТОЙМ

 

«Замын хөдөлгөөн» хэмээн бидний томъёолон нэрлэдэг энэхүү «хүмүүсийн нааш цааш шилжин хөдлөх» үйл ажиллагаа буюу ямар нэгэн тогтсон жим харгуйгаар хүмүүс сүлжилдэн холхилдох явдал яг хаана, хэзээнээс үүсэн бий болсныг өдгөө хэн ч тааварлан хэлж чадахгүй бизээ. Хүн төрөлхтөн байтугай адгуус амьтан, хорхой шавьж ч ус унд, хоол бэлчээр, үүр хэвтэртээ хүрч очих тогтсон зам харгуйтай байдгийг бодохоор «Замын хөдөлгөөн» хэмээх энэ зүйл хүн төрөлт амьтан үүсэхээс бүр өмнө, эрт балар цагаас улбаатай ажээ. Харин тэрхүү хүмүүсийн нааш цааш сүлжилдэн холхилдох эмх замбараагүй хөдөлгөөнийг хэрхэн журамлан зохицуулж ирсэн түүхийг сөхье гэвэл асуудал арай өөр болох нь мэдээж. Хөдөлгөөнийг журамлан зохицуулж ирсэн түүх гэхээр та эрх зүйн зохицуулалтын үүсэл хөгжлийн тухай хэлж байна гэж яаран бүү бодоорой. Замын хөдөлгөөнийг эрх зүйгээр зохицуулахаас бүр өмнө хүн төрөлхтөн өөрсдийн амьдралын хэв маяг, ёс заншил, дадал зуршлаараа зохицуулан журамласаар иржээ.

Ойн нарийн жимээр хүнд юм үүрэн өөд өөдөөсөө ирж яваа хоёр хүн аль талаараа зөрж өнгөрөхөө шийдэж ядан ойртсоор хоорондоо мөргөлдөх нь инээдтэй. Өөд өөдөөсөө сэлэм, жад далайн тулалдахаар сүр жавхлантайгаар давхин ирж яваа морьтой хоёр баатар аль талаараа зөрөлдөн цавчилдах нь бас л бодууштай. Нарийн замаар хоёр талаас ирж яваа сүйх тэргүүд хэрхэн зөрөлдөх вэ, замын аль талаар зорчих нь зүйтэй вэ гэдэг энэ асуудал замын хөдөлгөөн зохицуулалтын анхны заалтыг бий болгожээ. Амьдралаас урган гарсан энэ заалт нь эрт цагт ёс зүйн шинжтэй заалт байсан бөгөөд үндэстэн, ястан бүр өөр өөрийн ёс заншил, амьдралын хэв маягтаа тулгуурлан уламжлал болгон мөрдөж иржээ.

Түүхэн судалгаануудаас харахад «Замын зүүн гар талыг (манайхаар бол буруу талыг) барьж явах нь зүйтэй» гэсэн үзэл санаа дундад зууны үеэс Европод заншил болон ихэд дэлгэрсэн байдаг бөгөөд энэ нь хөдөө хээрийн замд биеэ хамгаалах шаардлагаас урган гарсан түүхтэй ажээ. Ихэнх хүмүүс баруун гараараа сэлэмддэг тул морь унаж яваа үедээ сэлмээ хурдан сугалан авч тулалдахад замын зүүн гар талыг барьж явах нь цорын ганц зөв арга байжээ.

Свиндоны ойролцоох Блюнстоны нурууны нэгэн карьерээс эрт цагийн ердийн хөсгийн мөрний үлдэгдэл олдсон нь Ромын үед замын зүүн гар талын хөдөлгөөн баримталдаг байсныг нотолсон төдийгүй энэ заншил нь 18-р зууныг хүртэл Европын улсуудад хамгийн түгээмэл сонголт байжээ гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэжээ. Харин Францад баруун гар талын хөдөлгөөнийг илүү баримталдаг байсан бөгөөд уг журмыг Наполеон Бонапарт эзэлсэн орнууддаа тогтоосноор яваандаа зүүн гарын дүрмээс баруун гарын дүрэм рүү шилжиж, Францын колони улс орнуудын олонхид нь хэрэгжиж эхэлсэн байна. Үүнээс улбаалан өдгөө Европын ихэнх оронд замын баруун гар талын хөдөлгөөний дүрмийг мөрддөг болсон гэж үздэг ажээ.

Англи улсад зүүн гарын хөдөлгөөний журмыг анх 1756 онд Лондонгийн гүүртэй холбогдуулан хуульчилж байжээ. Мөн 1773 онд баталсан «Төв зам»-ын тухай хуульд морин тэргээр замын зүүн гар талыг баримтлан явж байхыг зөвлөмж болгосон байдаг ба 1835 оны «Төв зам»-ын тухай хуулиар түүнийг баталгаажуулж байжээ. Тухайн үед Английн зохиолч Паркинсон замын зүүн гар талын хөдөлгөөний энэхүү дүрмийг магтаж:

Хөдөлгөөний дүрэм гэж хачин шүү

Буруу талыг баримтлав ч зөв болж таардаг

хэмээн шүлэглэн Английн зүүн гарын дүрэм зөв болохыг “нотолж” байжээ.

Өдгөө замын зүүн гар талын хөдөлгөөнийг баримталдаг улс орнуудын олонхи нь урд өмнө Их Британий эзэнт улсын колони байсан орнууд юм. Энэ нь ч ойлгомжтой биз. Гэтэл Япон, Индонез, Макао, Мозамбик, Тайланд зэрэг хэзээ ч Британий колони байгаагүй улс орнууд замын зүүн гар талын хөдөлгөөнийг баримталдаг ба харин нэгэн үе Британид захирагдаж байсан Канад, АНУ замын баруун гар талын хөдөлгөөнийг баримталдаг нь сонирхолтой.

Гадаадын эзлэн түрэмгийллийн нөлөөгөөр, тухайлбал Наполеоноос удаа дараа явуулж байсан байлдан дагуулалтын үр дүнд замын хөдөлгөөний батлагдсан талаа өөрчлөхөд хүрсэн олон улс орон байдгаас гадна мөн 1930 ба 1940-өөд оны үед Германы захиргаанд орсон Австри, Чех, Словак, Унгар нь үүний арай сүүлийн үеийн жишээ болох юм. Сувгийн арлууд ч Германд эзлэгдсэнийхээ дараа замын хөдөлгөөний батлагдсан талаа баруун гар талынх болгон өөрчилж байсан боловч 1945 онд чөлөөлөгдсөнийхөө дараа буцаагаад зүүн гар талынх болгон шилжүүлж байжээ. 1982 онд Аргентины мэдэлд очсоныхоо дараа Фольклендын арлууд ч мөн нэгэн адил хөдөлгөөний талаа өөрчилсөн байна. Харин Зүүн Тимор 1976 онд Индонезийн захиргаан дор замын хөдөлгөөнөө зүүн гар талынх болгон өөрчилж, тусгаар тогтносныхоо дараа ч түүнийгээ хэвээр баримталж байгаа ажээ.

Их Британий колони байсан Хонконг болон Португалийн эзэмшилд байсан Макао хоёр эдүгээ БНХАУ-ын захиргааны тусгай бүс нутаг хэдий ч Хятадаас ялгагдах зүүн гар талын хөдөлгөөнөө баримталсан хэвээр байна. Урьд нь Японы эзэмшилд байхдаа замын зүүн гар талын хөдөлгөөнтэй байсан Тайван улсад 1946 онд Хятадын БНУ-ын хэмээх засгийн газар байгуулагдсаны дараа замын хөдөлгөөнөө баруун гар талынх болгож сольсон ажээ.

Хил залгаа улсуудын хооронд, тухайлбал Уганда ба Суданы хооронд, Тайланд ба Лаосын хооронд, Пакистан ба Афганистаны хооронд шиг хилээр гарах үед хөдөлгөөний батлагдсан талаа сольдог хөрш орнууд цөөнгүй байна. Зарим улс орон хил дээрээ түгжрэл саатал үүсэх, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдахаас зайлсхийж хөдөлгөөний баримтлах талаа сольжээ. Жишээ нь: Британий колони байсан Баруун Африкийн Гамби, Сьерра-Леоне, Нигери, Гана зэрэг улс орнууд Францын колони байсан баруун гар талын хөдөлгөөнтэй улс оронтой хиллэдэг тул зүүн гар талын хөдөлгөөнөө баруун гар талынх болгон сольжээ.

Италид замын баруун гар талын хөдөлгөөнийг 1890-ээд оны сүүлээр анх нэвтрүүлсэн хэдий ч 1920-оод оны дунд үеэс л нийт нутаг дэвсгэртээ баримтлах болсон байна. Замын баруун гар талын хөдөлгөөнийг анх Ром, Неаполь зэрэг социалистуудын хяналтанд байсан хотуудад нэвтрүүлсэн бөгөөд харин консерваторуудын хяналтанд байсан Милан, Турин зэрэг хотуудад замын зүүн гар талын хөдөлгөөнийг хэвээр баримталж байжээ.

Швед улс 1736 оноос эхлэн зүүн гар талын хөдөлгөөнийг баримталж иржээ. Хачирхалтай нь Шведэд бүх автомашин зүүн гар талдаа жолооны хүрдтэй болсон хэдий ч зүүн гар талын хөдөлгөөний дүрмийг 20-р зууны дунд үе хүртэл хэвээр хадгалжээ. Гэтэл түүний хөрш Норвег, Финлянд, Дани улсууд баруун гар талын хөдөлгөөн баримталж байсан тул хилээр зорчих үед хүндрэл үүсдэг байв. Ингээд 1955 онд энэ асуудлаар ард нийтийн санал хураалт явуулахад баруун гар талын хөдөлгөөн нэвтрүүлэхийн төлөө олонхи нь буюу 82.9% нь, харин 15.5% нь эсрэг санал өгснөөр баруун гар талын хөдөлгөөнийг баримтлах болж, 1963 онд Шведийн парламент баруун гар талын хөдөлгөөнд шилжих тухай хууль батлан гаргасан байна. Түүний дагуу 1967 оны 9-р сарын 3-ны ням гаригийн өглөөний 5 цагт Швед улс баруун гар талын хөдөлгөөнд шилжсэн бөгөөд шведчүүд тэр өдрөө «Н» өдөр гэж нэрлэжээ («H» гэдэг нь баруун гар талын хөдөлгөөн буюу «Högertrafik» гэсэн үгийн эхний үсэг юм). Шведийн автомашинууд зүүн гар талдаа жолооны хүрдтэй байсан тул баруун гар талын хөдөлгөөний үед илүү тохиромжтой төдийгүй жолооч нар урдахь замаа илүү сайн харах тул осол багасна гэж мэргэжилтнүүд нь үзжээ. Үнэхээр ч зам тээврийн осол эрс буурсан байна. Гэвч ослын тоо хоёр жилийн дараа эргээд хуучин түвшиндээ хүртэл нэмэгдсэн ба үүнийг шинэ хөдөлгөөнд жолооч нар дасч, автомашинаа хайнга жолоодох болсонтой нь холбоотой гэж дүгнэжээ.

Шведийн дараа мөн Исланд улс 1968 оны 5-р сарын 26-ны өдрийн ням гаригт замын зүүн гар талын хөдөлгөөнөөс баруун гар талынх руу шилжсэн байна. Өглөө 6 цагт хэрэгжүүлсэн энэхүү шилжилтийн цорын ганц ноцтой осол нь дугуй унасан хүүхэд хөлөө хугалсан явдал байв. Мөн олон тооны автобус хөдөлгөөний түгжрэлд саатсан тухай 1968 оны 5-р сарын 28-ны өдрийн «New York Times» сэтгүүлийн 94-р хуудсанд хэвлэгдэж байжээ.

Канадад 1920-оод он хүртэл тухайн мужаасаа хамааран өөр өөр хөдөлгөөний дүрэм үйлчилж байжээ. Тухайлбал, Британий Колумб, Нью-Брунсвик, Нова Скотиа, Жонон Эдвардын аралд зүүн гар талын хөдөлгөөнийг, харин бусад муж нутгуудад баруун гар талын хөдөлгөөнийг баримталж байв. 1920-1923 онд дээрх мужуудыг баруун гар талын хөдөлгөөнд бүрэн шилжүүлсэн байна. Харин Ньюфаунленд муж нь 1949 оныг хүртэл Канадын мэдэлд байгаагүй тул тэнд 1947 он хүртэл зүүн гар талын хөдөлгөөн ноёрхож байжээ.

Хятадад 1946 он хүртэл замын зүүн болон баруун гар талын хөдөлгөөний аль алийг нь баримталдаг байжээ. Тухайлбал, хойт зүгийн мужууд нь баруун гар талын хөдөлгөөнтэй байсан бол харин өмнө зүгийн Гуандун зэрэг зарим мужууд зүүн гар талын хөдөлгөөнтэй байсан аж. Өмнө зүгийн мужуудын хувьд энэ нь Британий колони байсан Хонконг болон Португалийн эзэмшилд байсан Макао хоёрт ойр оршдогтой холбоотой байсан байж болох юм. 1946 оноос хойш их газрын Хятадад баруун гар талын хөдөлгөөн бүрэн нэвтэрсэн байна. Гэхдээ соёлын хувьсгалын үед улс төрийн шалтгаанаар зүүн гар талын хөдөлгөөнийг нэвтрүүлж байсан удаатай боловч энэ нь удаан хугацаанд үргэлжлээгүй бөгөөд эргээд баруун гар талын хөдөлгөөндөө шилжсэн ажээ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»