ХӨДӨЛГӨӨНИЙ БАТЛАГДСАН ТАЛ БУЮУ

ЗАМЫН БАРУУН БА ЗҮҮН ГАР ТАЛЫН ХӨДӨЛГӨӨН

 

Дэлхийн улс орнуудын замын хөдөлгөөний зохион байгуулалтын гол чухал ялгаануудын нэг бол тээврийн хэрэгслүүдийн зөрж өнгөрөх байрлал юм. Замын хөдөлгөөнд оролцож яваа эсрэг урсгалын тээврийн хэрэгслүүд буюу өөд өөдөөсөө угтан яваа тээврийн хэрэгслүүд аль талаараа зөрж өнгөрөх ёстойг улс орон бүр өөрийн үндэсний хууль эрх зүйгээр тогтоосон байдаг бөгөөд хэрхэн тогтоосноос нь хамааруулан дэлхийн улс орнуудыг «Замын баруун гар талын хөдөлгөөнтэй» ба «Замын зүүн гар талын хөдөлгөөнтэй» гэж хоёр ангилдаг.

Эсрэг урсгалынхаа тээврийн хэрэгслийг зүүн гар талаараа өнгөрөөж байхаар тогтоосон хөдөлгөөний зохион байгуулалтыг «Замын баруун гар талын хөдөлгөөн», харин эсрэг урсгалынхаа тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар тогтоосон хөдөлгөөний зохион байгуулалтыг «Замын зүүн гар талын хөдөлгөөн» гэнэ. Өөрөөр хэлбэл замын баруун гар талын хөдөлгөөнийг баримталдаг орнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун гар талаар явуулдаг бол харин замын зүүн гар талын хөдөлгөөнтэй улс орнуудын хувьд тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийн зүүн гар талыг баримтлан хөдөлгөөнд оролцдог юм. Үүнийг Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенцид «Хөдөлгөөний батлагдсан тал» гэсэн нэр томъёогоор илэрхийлсэн байдаг бөгөөд уг нэр томъёог «Үндэсний хууль тогтоомжид тээврийн хэрэгслийн жолооч өөдөөсөө яваа бусад тээврийн хэрэгслийг зүүн гар талаараа өнгөрөөж байхаар заасан тохиолдолд хөдөлгөөний баруун гар талыг, эсрэг тохиолдолд зүүн гар талыг ойлгоно» гэж тодорхойлжээ.

Замын баруун ба зүүн гар талын хөдөлгөөний зохион байгуулалтад тээврийн хэрэгслүүдийн зөрж өнгөрөх байрлалаас гадна олон онцлог ялгаанууд байдаг. Тухайлбал: Замын баруун гар талын хөдөлгөөнтэй улс оронд ашиглагдах автомашины жолоочийн суудал буюу жолооны хүрд нь зүүн гар талдаа байрласан байдаг бол зүүн гар талын хөдөлгөөнтэй улс оронд ашиглагдах автомашины жолооны хүрд баруун гар талд байрлана. Мөн баруун гар талын хөдөлгөөний зохион байгуулалттай замын тойрох хөдөлгөөнтэй уулзварын хөдөлгөөний чиг цагийн зүүний эсрэг чиглэдэг бол зүүн гар талын хөдөлгөөний зохион байгуулалттай замын тойрох хөдөлгөөн цагийн зүүний дагуу явагдана.

Манай улсын хувьд «Хөдөлгөөний батлагдсан тал» замын баруун гар тал юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс замын баруун гар талын хөдөлгөөнтэй улс бөгөөд үүнийг «Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай» хуулийн 3 дугаар зүйлд «Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна» гэж хуульчлан тогтоосон бий.

Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенцууд нь замын баруун, зүүн аль ч талын хөдөлгөөнтэй улс оронд нийцэх байдлаар боловсруулагдсан эрх зүйн акт учраас «Хөдөлгөөний батлагдсан тал» гэсэн дээрх нэр томъёог өргөн хэрэглэсэн байдаг. Конвенцийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт «Хоёр улсын хоорондох хилийг дамжин өнгөрөхөд зориулагдсан буюу тусгай байдлаар ашиглагддаг замаас бусад бүх зам нь тухайн улсын хувьд хөдөлгөөний ижил чигтэй байна» гэж заасан нь улс орон бүр өөрийн нийт нутаг дэвсгэртээ замын хөдөлгөөний тогтсон нэг талыг баримтлах шаардлагатайг илэрхийлсэн чухал заалт юм. Учир нь замын хөдөлгөөнд оролцогчдын хувьд хөдөлгөөний зохицуулалт нь дан ганц эрх зүйгээр шийдэгддэг асуудал биш бөгөөд үүнд хөдөлгөөний хэвшмэл байдал чухал байр суурийг эзэлдэг байна. Ялангуяа жолооч нарын хувьд тээврийн хэрэгслүүдийн зөрж өнгөрөх байрлал болон уулзвараар баруун буюу зүүн гар тийш эргэхдээ хөндлөн замын зөв урсгалыг эзлэх зэрэг нь эрх зүйн зохицуулалтаас илүүтэйгээр сэтгэхүйн тогтсон хэвшмэл үйлдэл дээр хийгддэг учир тухайн улсын хувьд замын хөдөлгөөний ижил чигтэй байх нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Иймээс улс орон бүр Конвенцийн дээрх заалтыг мөрдлөг болгон замын хөдөлгөөнийхөө батлагдсан талыг өөрийн улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан чандлан тогтоодог төдийгүй байнгын харилцаатай бүс нутаг, хил залгаа хөрш орнуудын хэмжээнд ижил мөрдөхийг эрхэмлэдэг юм. Гэхдээ түүхэн уламжлал, ёс заншил зэргээс хамаарч зарим цөөн улс орны харъяа нутаг дэвсгэрүүд, тухайлбал АНУ-ын Виржиний арлуудын хувьд замын хөдөлгөөний эсрэг талыг баримтлан мөрддөг тохиолдол бий.

 

Дараагийн хуудас..»»