ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНУУД

 

Олон улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионуудыг хийцийнх нь хувьд «Босоо гэрлэн дохио» буюу «Хэвтээ гэрлэн дохио» гэж хоёр хуваана. Ихэнх улс орнууд босоо байрлалтай гэрлэн дохиог хэрэглэх бөгөөд ийм гэрлэн дохионы улаан гэрэл нь дээд талдаа байрлана. Харин зарим цөөн тооны улс орнууд хэвтээ байрлалтай гэрлэн дохиог хэрэглэх ба ийм гэрлэн дохионы улаан гэрэл нь эсрэг хөдөлгөөний талд байрладаг.

Үүнээс гадна замын гэрлэн дохиог зориулалтаас нь хамааруулж дор дурдсанаар ангилна:

- Уулзвар буюу зорчих хэсгүүдийн огтлолцол дээр тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио;

- Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслүүдийн эгнээний урсгалын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио;

- Явган зорчигч буюу унадаг дугуйн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио;

- Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио;

- Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио.

 

Гадаад улс орнуудад түгээмэл хэрэглэдэг замын гэрлэн дохионуудаас танилцуулъя.

 

1. Энгийн гэрлэн дохионы хувилбарууд

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гурван өнгийн системийн гэрлэн дохио нь үл анивчих ногоон, шар, улаан өнгийн стандартын гурван шатлал бүхий дохиотой юм. Энэ гэрлэн дохиог олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэдэг бөгөөд манай улсын стандарт ч хэрэглэж болохоор заасан бий (MNS 4596:2007 стандартын 6.4.2).

 

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гурван өнгийн системийн гэрлэн дохио нь «ногоон - шар - улаан - улаан+шар» гэсэн горимоор асах дөрвөн шатлал бүхий дохиотой юм. Өөрөөр хэлбэл үндсэн гурван шатлал бүхий дохиоллын улаанаас ногоон руу шилжих завсар улаан гэрэлтэй хамт шар гэрэл дохио асах нэмэгдэл шатлал багтана. Гэхдээ аль ч гэрэл нь анивчих горимоор ажиллахгүй. Энэ гэрлэн дохиог олон улсын хэмжээнд мөн түгээмэл хэрэглэдэг бөгөөд манай улсын стандарт ч хэрэглэж болохоор заасан бий (MNS 4596:2007 стандартын 6.4.2).

 

 

Энэ гэрлэн дохио нь дээрхийн адил «ногоон - шар - улаан - улаан+шар» гэсэн горимоор асах дөрвөн шатлал бүхий дохиотой боловч ногоон гэрэл нь унтрахынхаа өмнө анивчсан горимоор ажилладгаараа ялгаатай байна. Энэ гэрлэн дохиог олон улсын хэмжээнд болон манай улсад түгээмэл хэрэглэдэг.

 

 

«Ногоон - ногоон+шар - шар - улаан - улаан+шар» гэсэн горимоор асах таван шатлал бүхий дохиотой энэхүү гэрлэн дохиог Швед улс 1999 оныг хүртэл хэрэглэж байжээ. Энэ гэрлэн дохионы ногоон гэрэл нь унтрахынхаа өмнө анивчихын оронд шар гэрэлтэй хамт асдагаараа онцлогтой байна.

 

 

«Ногоон - ногоон+шар - улаан - улаан+шар» гэсэн горимоор асах дөрвөн шатлал бүхий дохиотой энэхүү гэрлэн дохиог хуучин Ардчилсан Герман улсын мэдэлд байсан хотуудад хэрэглэж байна.

Энэ гэрлэн дохионы шар гэрэл дангаараа асахгүй бөгөөд түүний ногоон гэрэлтэй хамт асаж байгаа нэмэгдэл горим нь тухайн шар гэрэл дохиогоор хөдөлгөөнийг зөвшөөрөх утгыг агуулдаг байна.

 

 

Энэ гэрлэн дохионы шар гэрэл нь өмнөхийн адил дангаараа асахгүй ба мөн «ногоон - ногоон+шар - улаан - улаан+шар» гэсэн горимоор асах дөрвөн шатлал бүхий дохиотой боловч ногоон гэрэл дохио нь унтрахынхаа мөн анивчсан горимоор ажилладгаараа ялгаатай байна. Энэ гэрлэн дохиог ОХУ-ын Санкт-Петербург хотод хэрэглэдэг байна.

 

 

Хоёр өнгийн системийн энэхүү гэрлэн дохиог Бельги, Бразил зэрэг орнууд хэрэглэж байжээ. Шар өнгийн гэрэл дохионы оронд улаан ба ногоон гэрлүүд хамт асах горимтой энэхүү гэрлэн дохио нь «ногоон - улаан+ногоон - улаан» гэсэн горимоор асах гурван шатлал бүхий дохиотой бөгөөд Венийн Конвенцид нийцэхгүй юм.

 

 

Ногоон гэрэл дохио нь дангаараа асахын оронд анивчсан шар гэрэлтэй хамт асдаг энэхүү гурван өнгийн системийн гэрлэн дохио нь Бельги улсаас гаралтай юм. Анивчсан шар гэрэл нь хөдөлгөөнд оролцогчдын сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгыг агуулна.

 

 

Ногоон өнгийн гэрэл дохионы оронд анивчсан шар гэрэл дохио асдаг энэхүү гэрлэн дохиог Франц болон түүний мэдэлд байсан зарим бүс нутгууд хэрэглэдэг байна.

Анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх боловч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэл болон зам хөндлөн гарах гэж байгаа явган зорчигчдод зам тавьж өгөхийг шаардана.

 

 

Энэ гэрлэн дохиог Англи, Ирланд зэрэг орнуудад явган хүний гарцаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахад хэрэглэдэг байна.

Улаан, шар гэрлүүд хамт асахын оронд шар гэрэл дангаараа анивчих горимоор ажиллах ба энэ нь гарц руу нэгэнт орчихсон яваа явган зорчигчдод зам тавьж өгөх шаардлагатайг илэрхийлнэ.

 

 

Шар гэрэл анивчсан горимоор үргэлжлэн асах энэхүү дохио нь тухайн гэрлэн дохионы хэвийн ажиллагаа завсарласныг илэрхийлэх бөгөөд хөдөлгөөнд оролцогчдод сонор сэрэмжээ өндөржүүлэх, болгоомжтой явахыг анхааруулна.

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гэрэл дохиог олон улсын хэмжээнд болон манай улсад түгээмэл хэрэглэдэг.

 

 

Улаан гэрэл анивчсан горимоор үргэлжлэн асах энэхүү дохиог Хойд Америкийн орнуудад хэрэглэдэг байна.

Энэ гэрэл дохионы утга нь манай 3.5 «Зогсохгүй явах хориотой» тэмдгийн заалттай адил юм. Өөрөөр хэлбэл уг гэрлэн дохионы өмнө жолооч заавал зогсолт хийх шаардлагатай бөгөөд хөндлөн замаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед л хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно.

 

 

Улаан гэрэл ба анивчсан шар гэрэл ээлжлэн асах энэхүү дохиог олон улс оронд хэрэглэдэг бөгөөд хөндлөн замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал багатай уулзвар, зорчих хэсгүүдийн огтлолцлын өмнө байрлуулдаг байна. Мөн зарим тохиолдолд явган хүний гарцын өмнө байрлуулах бөгөөд ингэхдээ явган зорчигчийн гэрэл дохиог гар товчлуурын тусламжтайгаар удирдахад хэрэглэдэг байна.

 

Дараагийн хуудас..»»