ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Чех улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Чех улсын Замын хөдөлгөөний дүрэм нь Европын ихэнх орныхтой ерөнхийдөө төсөөтэй юм. Тухайлбал: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, хөдөлгөөний үед хамгаалах бүсийг заавал хэрэглэнэ, мотоциклын жолооч, зорчигчид хамгаалах малгайг заавал өмссөн байна, хоногийн аль ч үед автомашины том гэрлийг асааж явна, зам тээврийн ослын үед хүний амь нас үрэгдсэн буюу бие эрхтэн гэмтсэн, хохирол учирсан бол цагдаагийн байгууллагад зайлшгүй мэдэгдэнэ гэх мэт.

Түүнээс гадна автомашины жолоочийн хажуугийн суудалд 12 нас хүрээгүй хүүхэд болон 150 см-ээс намхан хүнийг суулгаж явахыг хориглоно.

 

 

Чех улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэд өөрийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээ заавал солиулах шаардлагагүй бөгөөд тухайн улсынхаа үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодохыг нь зөвшөөрдөг байна.

 

Чех улсын суурин газарт тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар өдрийн цагт 80 км/цаг, шөнийн цагт 60 км/цаг, суурин газрын гаднах замд 90 км/цаг, тууш замд мотоцикл 110 км/цаг, бусад тээврийн хэрэгсэл 90 км/цаг байна.

 

Прага болон бусад зарим хотуудад зөвхөн тухайн бүсийн оршин суугчдад буюу албан байгууллагын ажилтнуудад зориулсан автомашины зогсоолын тусгай талбайнууд байдаг байна. Ийм талбайд гадны бусад хүн автомашинаа зогсоовол цагдаагийн ажилтан уг автомашиныг шилжүүлэн журамлах буюу автомашины дугуйг цоожлон журамладаг байна. Тухайлбал: Прага хотын төв нь автомашины зогсоолын улбар шар, ногоон, цэнхэр гэсэн гурван бүсэд хуваагдана. Улбар шар бүс нь богино хугацаагаар зогсоход зориулагдах бөгөөд ийм зогсоолд 2-оос илүүгүй цагаар автомашинаа тавьж болно. Ийм зогсоол нь оройн 18 цагаас өглөөний 08 цагийн хооронд болон ням гаригт төлбөргүй байна. Зогсоолын ногоон бүс нь 6 цагаас илүүгүй хугацаагаар автомашиныг зогсоолд тавихад зориулагдана. Ийм зогсоол нь мөн оройн 18 цагаас өглөөний 08 цагийн хооронд төлбөргүй байхаас гадна аливаа амралтын өдрүүдэд мөн төлбөргүй байна. Зогсоолын цэнхэр бүс нь зөвхөн Прага хотын нутгийн оршин суугчдад болон фирмүүдэд зориулагдана.

 

Чех улсын замын анхааруулах, хориглох, заах бүлгийн тэмдгийн загваруудаас түүвэрлэн сонирхуулъя:

 

 

 

 

Чех улсад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид мөнгөн торгууль ногдуулахаас гадна торгуулийн оноогоор шийтгэнэ. Торгуулийн оноог тухайн жолоочийн харъяалагдах хотын захиргаа бүртгэх бөгөөд 12 оноо хүрсэн тохиолдолд жолоодох эрх хасах шийтгэл ногдуулна. Тухайлбал, гадаадын харъяат иргэн торгуулийн 12 оноогоор шийтгүүлсэн тохиолдолд 1 жилийн хугацаагаар Чех улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болно.

Торгуулийн оноогоор шийтгүүлсэн жолооч тодорхой хугацааны туршид (тухайлбал: 12, 24, 36 сар гэх мэт) дахин зөрчил гаргаагүй бол уг оноог нь шат дараалан бууруулах замаар урамшуулал үзүүлэх бөгөөд энэ нь тухайн жолоочид замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөх хүсэл эрмэлзлэл төлөвшүүлэхэд хөшүүрэг болох ач холбогдолтой гэнэ.

Торгуулийн оноог тухайн зөрчлийн агуулгад нийцүүлэн ногдуулах бөгөөд нэг удаагийн хөнгөн зөрчилд 1 оноо, ноцтой зөрчилд хамгийн дээд оноо буюу 7 оноо ногдуулдаг байна. Тухайлбал:

- замын тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчсөн бол 1 оноо;

- хорооллын доторхи хөдөлгөөний журам зөрчсөн бол 1 оноо;

- тууш замд хориглосон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон бол 1 оноо;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 хүртэл км-ээр хэтрүүлсэн бол 2 оноо;

- хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй бол 2 оноо;

- тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлсэн бол 3 оноо;

- жолоочийн цусан дахь спиртийн агууламж 0.3 промилл хүртэл байвал 3 оноо;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20-40 км-ээр хэтрүүлсэн бол 3 оноо;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 3 оноо;

- хуурамч улсын дугаар хэрэглэсэн бол 4 оноо;

- давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөөгүй бол 4 оноо;

- хориглосон дохиогоор нэвтэрсэн бол 5 оноо;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 40 км-ээс дээш хэтрүүлсэн бол 5 оноо;

- техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 5 оноо;

- замын хориотой хэсэгт буцаж эргэсэн, ухарсан, урсгал сөрсөн бол 6 оноо;

- хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн бол 6 оноо;

- цусан дахь спиртийн агууламж 0.3 промиллоос илүү (гэхдээ согтоогүй) байвал 6 оноо;

- согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7 оноо;

- согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн бол 7 оноо.

 

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх мөнгөн торгууль:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээс илүү хэтрүүлсэн тохиолдолд 60 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 100 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 90 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 90 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 60 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»