ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Хятад улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Хятад улсад 1946 он хүртэл замын зүүн болон баруун гар талын хөдөлгөөний аль алийг нь баримталдаг байжээ. Тухайлбал, хойт зүгийн мужууд нь баруун гар талын хөдөлгөөнтэй байсан бол харин өмнө зүгийн Гуандун зэрэг зарим мужууд зүүн гар талын хөдөлгөөнтэй байсан аж. 1946 оноос хойш Хятадад баруун гар талын хөдөлгөөн бүрэн нэвтэрсэн байна. Урьд нь Японы эзэмшилд байхдаа замын зүүн гар талын хөдөлгөөнтэй байсан Тайван улсад 1946 онд Хятадын БНУ-ын хэмээх засгийн газар байгуулагдсаны дараа замын хөдөлгөөнөө баруун гар талынх болгож сольсон ажээ. Гэхдээ Их Британий колони байсан Хонконг болон Португалийн эзэмшилд байсан Макао хоёр эдүгээ БНХАУ-ын захиргааны тусгай бүс нутаг хэдий ч эх газрын Хятадаас ялгагдах зүүн гар талын хөдөлгөөнөө баримталсан хэвээр байна.

 

Хятад улс авто замынхаа хөгжлөөр дэлхийд дээгүүрт орно. Томоохон хот, суурин газруудад нэг чигтээ 5-аас олон эгнээтэй өргөн замуудыг харж болох бөгөөд ихэнх хурдны зам болон тууш замууд нь төлбөртэй байна.

 

 

Авто зам, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл нь хэдий өндөр хөгжсөн боловч ард иргэд нь замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх тал дээр сул байдаг гэнэ. Тухайлбал, гэрлэн дохиог үл ойшоох, замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчих, эсрэг урсгал сөрөх, явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх, буруу эгнээнээс эргэх үйлдэл хийх зэрэг зөрчлүүд бараг энгийн үзэгдэл болжээ. Гэхдээ сүүлийн үед ард иргэдээ замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлдэг болгож хэвшүүлэх тал дээр Хятад улс онцгой анхаарал тавих болжээ. Замын хөдөлгөөнд тавих хяналтыг зөвхөн замын цагдаа биш, ажиглалтын видео камер, фото аппарат зэрэг техник хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн илрүүлэлт нэмэгдэж, тухайлбал: Бээжин хотод л гэхэд сар бүр 400 мянга орчим их, бага зөрчлүүд тэмдэглэгддэг болсон байна. Мөн зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлагын хэмжээг ч чангатгаж байгаа гэнэ.

 

 

Хятад улс замын дохио, тэмдгийн талаархи олон улсын ямар нэгэн конвенц, хэлэлцээрт нэгдээгүй улс юм. Хэдий тийм ч Хятад улсын замын тэмдгүүд, ялангуяа анхааруулах, хориглох, заах бүлгийн тэмдгүүд нь олон улсын стандартад нийцэх төдийгүй ерөнхийдөө дүрслэл зонхилсон байдаг тул ойлгоход хүндрэл багатай юм. Анхааруулах бүлгийн тэмдгүүд нь гурвалжин хэлбэртэй боловч хар хүрээтэй, шар дэвсгэртэй байх ба ихэнх хориглох тэмдгүүд дээр нь улаан ташуу зураас тавигдсан байна. Харин мэдээлэх чанарын тэмдгүүд болон нэмэлт тэмдгүүд дээр нь дүрсэн тэмдэгт байхаас илүүтэйгээр бичиглэл (тэр тусмаа ханз үсэг) хийгдсэн байдаг нь хятад үсэг мэдэхгүй гадаадын иргэдэд нилээд бэрхшээлтэй байдлыг үүсгэдэг байна. Ийм тэмдгүүдийн дийлэнх нь дан ханз үсгээр бичигдсэн байх бөгөөд зарим цөөн тооны тэмдгүүд, тухайлбал тууш замууд дээр тавигдсан тэмдгүүд дээр англи үгээр буюу латин үсгээр галиглан давхар бичсэн байх нь тохиолдоно.

Хятад улсын замын тэмдгийн загваруудаас түүвэрлэн сонирхуулъя:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хятад улсад олон улсын жолоочийн үнэмлэх үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл гадаадын харъяат иргэн энэ улсад тээврийн хэрэгсэл жолоодох бол зөвхөн Хятадын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг авсан байх шаардлагатай болно.

 

Хятад улс тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газрын доторхи нэг чигтээ нэг эгнээтэй замд цагт 30 км, бусад замд цагт 70 км;

- хотын доторхи хурдны замд цагт 100 км;

- суурин газрын гаднах орон нутгийн замд цагт 80 км;

- суурин газрын гаднах хурдны зам болон тууш замд цагт 120 км.

 

Хятад улсад Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаарыг хэтрүүлж болох хүлцлийн хэмжээ гэж байдаг бөгөөд энэ нь 10 км/цаг байна. Өөрөөр хэлбэл хурдны дээд хязгаарыг цагт 10 хүртэл км-ээр хэтрүүлэхийг зөрчилд тооцдоггүй байна.

 

 

Тээврийн хэрэгсэлд савтай нөөц шатахуун (канистртай бензин) авч явахыг хориглоно.

Хятадад зогсоолын журам зөрчсөн тээврийн хэрэгслийг албадан ачиж журамлах арга хэмжээ байдаггүй бөгөөд энэ нь хууль бус үйлдэл болох гэнэ.

 

Хятадад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд мөнгөн торгууль ногдуулахаас гадна торгуулийн оноогоор шийтгэх систем үйлчилдэг бөгөөд жолооч бүр торгуулийн оноог тэмдэглэх тусгай картаа биедээ авч явж байх үүрэгтэй юм. Нэг жилийн хугацаанд жолооч 12-оос илүү торгуулийн оноо авсан тохиолдолд түүний жолоодох эрх хүчингүй болох ба жолоодох эрхээ сэргээлгэхэд заавал шалгалт өгөх ёстой болно. Шалгалтад тэнцсэн тохиолдолд өмнөх торгуулийн оноонуудыг хүчингүйд тооцож, жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгоно.

Нэг жилийн хугацаанд 12-оос илүүгүй торгуулийн оноо авсан жолооч мөнгөн торгуулийн төлбөрөө хугацаандаа төлчихсөн бол түүний оноонуудыг хүчингүйд тооцно. Харин төлбөрөө барагдуулаагүй бол уг торгуулийн оноонуудыг дараагийн жилд нь шилжүүлж тооцдог байна. Мөн зөрчилд ногдуулсан мөнгөн торгуулийг 3 сарын дотор төлж барагдуулаагүй буюу нэг сарын дотор хоёр удаа хожимдуулсан бол торгуулийн 12 оноогоор шийтгүүлнэ. Өөрөөр хэлбэл эрхээ хасуулна гэсэн үг.

Жолоочид тухайн гаргасан зөрчлийнх нь агуулгаас хамааруулан 1, 2, 3, 6, 12 гэсэн торгуулийн оноог ногдуулна. Тухайлбал, дараахь зөрчилд торгуулийн 1 оноог ногдуулна:

- чиг заадаг дохио хэрэглэх журам зөрчсөн;

- хамгаалах бүсээ зүүгээгүй буюу зорчигчдоо зүүлгээгүй;

- ухрах журам зөрчсөн;

- автомашины хаалгыг сайтар хаалгүйгээр хөдөлгөөнд оролцсон;

- 12 нас хүрээгүй хүүхдийг мотоциклоор тээвэрлэсэн;

- даатгалын гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээгүйгээр хөдөлгөөнд оролцсон.

Дараахь зөрчилд торгуулийн 2 оноог ногдуулна:

- механикжсан тээврийн хэрэгслийг тасралтгүй 4 цаг жолоодсон;

- анхааруулах буюу хориглох тэмдгийн заалт зөрчсөн;

- зорчигчдын тоог 20 хувь дотор хэтрүүлсэн;

- ачааны тээврийн хэрэгслийн даацыг 30 хувь дотор хэтрүүлсэн;

- уулзвар нэвтрэх журам зөрчсөн;

- уулзвар дээр зогссон;

- автомашин жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан буюу зурагт үзсэн;

- хоорондын зайгаа барьж яваагүй;

- явган хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй;

- мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй.

Дараахь зөрчилд торгуулийн 3 оноог ногдуулна:

- гэрэл дохио зөрчсөн;

- чиргүүл буюу механикжсан тээврийн хэрэгслийг чирэх журам зөрчсөн;

- дуут дохио хэрэглэх журам зөрчсөн;

- замын хашлага давсан буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгслээр явсан;

- хөдөлгөөний эрчим ихтэй үед түр зогсохдоо хөдөлгүүрээ унтраасан;

- шалтгаангүйгээр хэт удаан явсан.

Дараахь зөрчилд торгуулийн 6 оноог ногдуулна:

- зорчигчдын тоог 20 хувиас дээш хэтрүүлсэн;

- ачааны тээврийн хэрэгслийн даацыг 30 хувиас дээш хэтрүүлсэн;

- хурдны тогтоосон дээд хязгаарыг 50 хувь хэтрүүлсэн;

- эсрэг урсгал сөрсөн;

- үнэмлэхгүй этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулсан.

Дараахь зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцох бөгөөд торгуулийн 12 оноогоор шийтгэнэ:

- согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

- зам тээврийн осол гаргасан газраа орхин зугтаасан;

- эрхгүй буюу тухайн ангилалд үл тохирох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодсон;

- зөрчилд ногдуулсан мөнгөн торгуулийг 3 сарын дотор төлж барагдуулаагүй буюу нэг сарын дотор хоёр удаа хожимдуулсан.

 

Хятад улсын хуулиар өөрийн буруугаас зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хорих ял ногдуулахаас гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүх насаар нь хасах шийтгэл ногдуулах үндэслэлтэй юм.

 

 

Бүрэн бус статистик мэдээгээр 2006 онд Хятад улсад 327 мянган зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас 82 мянган хүн амь насаа алдаж, 380 мянган хүн гэмтэж, 1.2 тэрбум юан буюу ойролцоогоор 174 сая америк долларын шууд хохирол учирсан байна. Энэхүү нийт ослын 70-80 хувь нь жолоочийн гаргасан зөрчлөөс, 15 хувь нь явган зорчигчийн буруугаас, 5 хүртэлх хувь нь тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, гэмтлээс, 1 хувь нь зам болон орчны нөхцөл байдал хангалтгүйгээс шалтгаалсан ажээ. Хятад улсад гарсан зам тээврийн ослын тоо нь дэлхийн хэмжээнд гарсан нийт зам тээврийн ослын 15 хувийг дангаараа эзэлж байна.

Хятад улс 1997 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 25-ны өдрийг “Тээврийн аюулгүй байдлын үндэсний өдөр” болгон тэмдэглэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн биелэлтийг сайжруулах, зам тээврийн ослын тоог бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ажээ. Үүний үр дүнд 2007 онд зам тээврийн ослын тоог 2006 оныхтой харьцуулбал 13.6 хувиар бууруулж чадсан гэнэ.

 

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- тогтоосон хурдыг цагт 10 км-ээс дээш хэтрүүлсэн бол 200 юанаар торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 200 юанаар торгох шийтгэл ногдуулна;

- зогсоолын журам зөрчсөн бол 100 юанаар торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»