ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Хорват улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Хорват улсын нутаг дэвсгэр дээр тээврийн хэрэгсэл жолоодохдоо тус улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан дараахь заалтуудыг анхаарууштай:

- жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх хэмжээ – 0.00%;

- хоногийн аль ч үед хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ асааж явна;

- хамгаалах бүсийг бүх зорчигч заавал хэрэглэнэ;

- автомашин жолоодож яваа үедээ “Hands Free”-гүй (гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй) гар утсыг хэрэглэхийг хориглоно;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээ суурин газарт 50 км/цаг, суурин газрын гаднах замд 90 км/цаг, улсын чанартай замд 110 км/цаг, тууш замд 130 км/цаг.

 

Хорват улсын нутаг дэвсгэр дээр зам тээврийн осол гаргасан тохиолдолд:

- хэрэв автомашин цааш явах боломжгүйгээр ноцтой эвдэрсэн буюу их хэмжээний хохирол учирсан бол цагдаагийн ажилтанг заавал дуудах шаардлагатай;

- харин автомашины эвдрэл үл ялиг бөгөөд осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн жолооч, зорчигчдоос гэмтэж бэртсэн хүн үгүй бол цагдаагийн ажилтанг дуудаж ирүүлэх шаардлагагүй юм.

 

Хорват улсын нийслэл Загреб хот

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээс илүү хэтрүүлсэн тохиолдолд 15-30 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол цусан дахь спиртийн агууламжаас нь хамааруулж 200-400 еврогоор торгох болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2-оос дээш жилээр хасах шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 75 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 30-75 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 15 еврогоор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»