ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Франц улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Франц улс замын баруун гар талын хөдөлгөөнтэй.

Энэ улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь дараахь баримт бичгүүдийг биедээ заавал авч явах үүрэгтэй. Үүнд:

- олон улсын загварт нийцсэн жолоодох эрхийн үнэмлэх;

- тээврийн хэрэгслийн техникийн паспорт;

- даатгалын гэрчилгээ.

 

Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч бүр хамгаалах бүсээ зүүх үүрэгтэй бөгөөд автомашины урд суудалд 10 хүртэлх насны хүүхэд тээвэрлэхийг хориглоно.

 

Тээврийн хэрэгслийг 11 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний хооронд зөвхөн өвлийн тусгай дугуйтайгаар ашиглахыг зөвшөөрнө.

 

Франц улсын суурин газарт тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 50 км, суурин газрын гаднах замд цагт 90 км, нэг чигтээ хоёр эгнээтэй замд цагт 110 км байна. Харин зөвшөөрөгдөх хамгийн өндөр хурдны зам нь “төлбөртэй тууш зам” бөгөөд уг замаар цагт 130 км хүртэл хурдтай явахыг зөвшөөрнө. Хотын гаднах замууд нь ихэвчлэн төлбөртэй байх ба төлбөр хураадаггүй замууд нь ногоон өнгийн тэмдгээр тэмдэглэгдсэн байна.

 

Явган хүний замын захаар тэмдэглэсэн шар шугамын дэргэд зөвхөн зорчигч буулгах буюу суулгахын тулд тээврийн хэрэгсэл зогсоохыг зөвшөөрнө.

 

Хотын төвийн орчин үеийн олонхи авто зогсоолууд нь гол төлөв газар доор байрласан байх ба газар дээрх зогсоолуудыг бодвол харьцангуй өндөр төлбөртэй байдаг гэнэ. Гэхдээ олдоц, багтаамж сайтайн дээр зогсоолын талбай хайж цаг алдахгүйн тулд жолооч нар газар доорхи зогсоолыг сонгох нь илүү ажээ.

 

 

Зам тээврийн осол буюу техникийн саатлаар замд зогссон тохиолдолд тээврийн хэрэгслээсээ 50-150 метрийн ард ослын зогсолтын тэмдгийг заавал байрлуулах ёстой ажээ. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд дан ганц ослын дохионы гэрэл асаахыг Францын замын хөдөлгөөний дүрэм хангалтгүй гэж үзнэ. Үүнээс гадна тээврийн хэрэгсэл бүрт эмийн сан, гал унтраагуур, нөөц чийдэнгийн цуглуулга, гэрэл ойлгогч элемент бүхий хантааз байх ёстой. Уг хантаазыг зам тээврийн осол буюу техникийн саатлаар зам дээр зогссон үедээ автомашиныхаа ойр орчимд байхдаа аюулгүй байдлаа хангах үүднээс өмсөж хэрэглэх ёстой ажээ.

 

Франц улсад согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд автомашин жолоодохыг хатуу хориглох бөгөөд жолоочийн цусан дахь согтууруулах бодисын хэмжээ 0.5 промиллоос илүү байвал торгуулийн шийтгэл хүлээлгэхээс гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, тэр бүү хэл хорих ялаар шийтгэх хүртэл арга хэмжээ авдаг байна.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээс илүү хэтрүүлсэн тохиолдолд 500 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 150 еврогоор торгож, жолоодох эрхийн торгуулийн оноогоор шийтгэнэ;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ (700-800 евро)-ний 30 хувьтай тэнцэх еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол шүүхэд дуудах хуудас болон торгох шийтгэл хүлээлгэх бөгөөд хүндрүүлэн шийтгэх тохиолдолд 150000 еврогоор торгож, 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 90-ээс дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 10-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»