ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Финлянд улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Финлянд улсын авто замын чанар болон жолооч нарынх нь боловсон харьцаа, хөдөлгөөний өндөр соёл нь гадны олон хүний гайхшралыг төрүүлдэг гэнэ. Финлянд улс НҮБ-аас гаргасан автотээврийн салбарын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээн дэх олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн дийлэнхид нь нэгдэн оржээ. Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенцид 1969 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж, 1985 оны 4 дүгээр сарын 1-нд нэгдэн орсон байна. Энэ улс замын хөдөлгөөний баруун гар талын хөдөлгөөнтэй.

 

 

Финлянд улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь дараахь баримт бичгүүдийг биедээ авч явах үүрэгтэй байна. Үүнд:

- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэрчлэх баримт бичиг (жолоочийн үнэмлэх);

- тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

- тээврийн хэрэгслийн тээврийн даатгалын гэрчилгээ (Үүнийг “green card” буюу “ногоон карт” гэж нэрлэнэ);

- тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчээс нь өөр хүн жолоодож яваа бол наториатоор гэрчлүүлсэн итгэмжлэл;

- гадаадын харъяат жолоочийн хувьд гадаад паспорт, виз, даатгалын гэрчилгээ.

 

Финлянд улс тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлагын биелэлтэд хатуу хяналт тавьдгаараа европын ихэнх орнуудаас онцгой ялгарна. Ялангуяа автомашинаас гарах чимээ шуугиан, утааны найрлага дахь хорт хийн хэмжээг ихэд хязгаарлахаас гадна тоормосны систем болон жолооны механизмын эвдрэл, тэжээлийн системийн битүүмжийн алдагдал зэргийг хатуу хориглоно. Тухайлбал, автомашины тоормосны систем нь зам дугуйн барьцалтын коэффициент 0.6-аас багагүй байхад 18%-ийн өгсүүр буюу уруу газарт тухайн автомашиныг ачааллаас нь үл хамааран хөдөлгөөнгүй тогтоон барьж байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна.

Финляндын замын цагдаагийн ажилтан хөдөлгөөнд оролцож яваа автомашины тоормосны системийн ажиллагааг хэдийд ч шалгах эрхтэй байдаг бөгөөд ингэхдээ “динамометр” буюу хүч хэмжигч тусгай багажийг ашиглана.

Түүнчлэн энэ улс тээврийн хэрэгслийн дугуйны ашиглалтад өндөр шаардлага тавьдаг байна. 12 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 28 (29)-ны хооронд бүх төрлийн суудлын автомашин болон бүх жин нь 3.5 тонн хүртэлх автомашиныг зөвхөн өвлийн дугуйтайгаар ашиглахыг зөвшөөрнө. Энэ шаардлагыг мөн 750-аас 3500 кг хүртэлх бүх жинтэй чиргүүлүүд ч хангасан байх ёстой аж. Үүнээс гадна бүтэн жилийн туршид ашиглахад зориулагдсан өвлийн дугуйг ашиглаж болно. Харин хадаастай дугуйг зөвхөн 11 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний хооронд ашиглахыг зөвшөөрдөг байна. Ингэхдээ автомашинд хадаастай дугуйг хадаасгүй дугуйтай хамт нэг дор тавьж хэрэглэхийг хориглоно. Финляндын замын хөдөлгөөний дүрэмд автомашины дугуйн хээний гүн 3 мм-ээс багагүй байхаар заажээ. Энэ бол өндөр шаардлага юм. Өөрөөр хэлбэл манай улсын замын хөдөлгөөний дүрмээр суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобусанд 2 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс багагүй байхаар заасантай харьцуулбал бараг 3 дахин өндөр шаардлага юм. Мөн автомашинд шаврын хаалт, хулгайлагдахаас хамгаалах хэрэгсэл зэргийг заавал шаарддаг байна.

 

Финляндын замын хөдөлгөөний дүрмээр жолооч 10 литрээс ихгүй нөөц шатахуунтай савыг тээврийн хэрэгсэлдээ авч явахыг зөвшөөрнө.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасантай нэгэн адил гарны оролцоогүйгээр ашиглаж болохуйцаар төхөөрөмжлөөгүй гар утсыг тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ ашиглахыг Финляндад хориглох бөгөөд замын цагдаа нар нь уг шаардлагын биелэлтийг чанд мөрдүүлдэг төдийгүй зөрчигсдийг өршөөлгүйгээр торгодог гэнэ.

 

Финляндад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг суурин газарт 40-60 км/цаг (ихэнх хотуудад 50 км/цаг), суурин газрын гаднах замд 80 км/цаг, тууш замд 100-120 км/цаг, хорооллын дотор 20-40 км/цаг байхаар тогтоожээ.

 

Хоногийн аль ч үед тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж явна. Хамгаалах бүсийг жолооч, зорчигч бүр зүүсэн байх үүрэгтэй бөгөөд хүүхдийг зориулалтын суудал, бэхэлгээний тусламжтайгаар тээвэрлэнэ. Бага насны хүүхдийг автомашины урд суудалд тээвэрлэхдээ нурууг нь хөдөлгөөний чиг рүү харуулсан байдалтайгаар суулгасан нөхцөлд зөвшөөрнө.

 

Финляндад тээврийн хэрэгслийг зогсоолд тавих журам өөрийн гэсэн онцлогтой. Томоохон хотуудын гудамж дахь ихэнх зогсоолууд төлбөртэй байхаас гадна гол төлөв 1-2 цагийн хугацааны хязгаарлалтай байна. Тухайлбал: Нийслэл Хельсинки хотод долоо хоногийн ажлын өдрүүдийн 9:00-19:00 цагуудын хооронд 1 дүгээр бүсийн зогсоолын төлбөр цагийн 3 евро, 2 дугаар бүсийнх цагийн 1.6 евро, 3 дугаар бүсийнх цагийн 0.8 евро байх бөгөөд харин бямба гаригт 2 ба 3 дугаар бүсийн зогсоолууд, ням гаригт бүх зогсоолууд төлбөргүй байдаг ажээ.

Зохих тэмдгээр хориглосон газруудаас гадна дараахь замын хэсгүүдэд тээврийн хэрэгслийг зогсоохыг хориглоно:

- замын тохойрсон хэсэг дээр буюу огцом эргэлтэд ойр газарт;

- уулзвар дээр буюу зорчих хэсгүүдийн огтлолцлын ирмэгт 5 м-ээс ойр зайд;

- зорчих хэсэг дээр давхарлаж (өөр тээврийн хэрэгсэлтэй зэрэгцүүлж);

- бусад тээврийн хэрэгсэл хөдөлгөөн эхлэхэд саад болох газарт;

- төлбөртэй зогсоолд төлбөрөө хийгээгүй тохиолдолд;

- явган хүний зам ба гарц дээр буюу унадаг дугуйн замын огтлолцол дээр, мөн явган хүний гарц, унадаг дугуйн замын захаас 5 м-ээс ойр зайд;

- бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн орох, гарах хөдөлгөөнд саад болохоор байвал барилга, байшингийн орц буюу хаалганы дэргэд;

- давхар замын далангийн доогуур буюу хонгилоор нэвтрэн гарах газарт;

- галт тэрэг болон трамвайн төмөр зам дээр болон төмөр замын гарамд 30 м-ээс ойр зайд;

- хориглосон шар шугамтай замын хэсэгт, хэрэв тээврийн хэрэгсэл ба уг шугамын хоорондын зай 3 м-ээс бага байвал;

- автомашинд тусгайлан гаргасан зогсоолын гадна талд;

- суурин газрын гаднах “Гол зам” тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр.

 

Мөн тээврийн хэрэгслийг хотын доторхи замд 2 минутаас илүү хугацаагаар асаалттай зогсоохыг хориглоно. Гэхдээ хүйтний улиралд, тодруулбал агаарын температур -15ºС буюу түүнээс доош байгаа нөхцөлд автомашиныг 4 минут хүртэл хугацаагаар асаалттай зогсоохыг зөвшөөрдөг байна. Энэ нь агаарын бохирдлоос сэргийлж буй арга хэмжээ юм. Ер нь Финляндын жолооч нар автомашиныхаа утааг аль болох гаргахгүй байхыг хичээдэг бөгөөд зарим нь бүр гэрлэн дохионы өмнө буюу төмөр замын гармын өмнө зогсож байхдаа ч хөдөлгүүрээ унтраачихдаг “сонин” зуршилтай улс гэнэ.

 

 

Финлянд улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

Финляндад замын хөдөлгөөний дүрмийн зөрчил бүрийг бүртгэдэг бөгөөд дүрмийн зөрчлөөр жилд гурван удаа торгуульсан жолоочид эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

- тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах журам зөрчсөн бол 40 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хөнгөн зөрчил гаргасан (тухайлбал: хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээр хэтрүүлсэн буюу хоорондын зайгаа тохируулаагүй гэх мэт) тохиолдолд 115 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- ноцтой зөрчил гаргасан (тухайлбал: хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээс дээш хэтрүүлсэн буюу аюултайгаар гүйцэж түрүүлсэн гэх мэт) тохиолдолд уг зөрчлийн хүнд хэлбэр ба тухайн этгээдийн орлогоос нь хамааруулан шийтгэнэ. Тухайлбал: Сард 2000 еврогийн орлоготой этгээдийг улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн тохиолдолд 290 еврогоор торгох бол харин 20000 еврогийн орлоготой этгээдийг 3290 еврогоор торгох ажээ.

 

Торгуулийг тухайн цагдаагийн олгосон бланкыг ашиглан аль дурын банкаар барагдуулж болох бөгөөд төлбөрийг хугацаанаас нь хожимдуулбал торгуулийн хэмжээ хоног тутамд 50%-аар нэмэгддэг байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»