ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Унгар улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Унгар улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй зүйл үгүй ажээ. Учир нь Замын хөдөлгөөний дүрэм нь Европын стандарт буюу Венийн Конвенц ба Женевийн хэлэлцээрт бүрэн нийцсэн төдийгүй замын тэмдэг, тэмдэглэл нь ойлгомжтой бөгөөд тодорхой, гэрлэн дохионууд нь найдвартай ажиллагаатай байдаг гэнэ.

 

 

Унгар улс суудлын автомашин болон мотоциклын хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг дараахь байдлаар тогтоожээ:

- хорооллын дотор цагт 20 км;

- суурин газарт цагт 50 км;

- суурин газрын гаднах замд цагт 90 км;

- хот хоорондын төв замд цагт 110 км;

- тууш замд цагт 130 км.

 

Унгар улсын нутаг дэвсгэр дээр тээврийн хэрэгсэл жолоодохдоо тус улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан дараахь заалтуудыг анхаарууштай:

- жолоочийн цусан дахь согтууруулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээ – 0.00%. Өөрөөр хэлбэл жолооны ард согтууруулах ундааг ялимгүй хэрэглэхийг ч хориглоно;

- жолоочийн насны доод хязгаар – 18;

- автомашины урд суудалд тээвэрлэхийг зөвшөөрөх зорчигчийн насны доод хязгаар – 12;

- хамгаалах бүсийг жолооч, зорчигч бүр заавал хэрэглэнэ;

- мотоциклын жолооч, зорчигч бүр хамгаалах малгайг заавал өмсөнө;

- автомашин жолоодож яваа үедээ “Hands Free”-гүй (гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй) гар утас хэрэглэхийг хориглоно;

- суурин газрын гаднах замд өдрийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асааж явна;

- дуут дохиог зөвхөн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өгөхийг зөвшөөрнө;

- тээврийн хэрэгсэлд хадаастай дугуй тавьж хэрэглэхийг хориглоно;

- тээврийн хэрэгсэлд ослын зогсолтын тэмдэг, эмийн сан, нөөц чийдэнгийн цуглуулга, гэрэл ойлгогч элемент бүхий хантааз (тууш замд ослын зогсолт хийсэн тохиолдолд автомашинаасаа буухдаа өмсөж хэрэглэх зорилгоор) зэргийг заавал авч явахыг үүрэг болгодог бөгөөд харин гал унтраагуур авч явахыг зөвлөмж болгожээ.

 

Унгар улсын дүрэмд зааснаар гол зам нь чигээ өөрчилсөн уулзварыг жолооч гол замын дагуу нэвтрэх бол эргэх дохио өгөх ёсгүй бөгөөд энэ нь чигээ өөрчлөөгүйд тооцогддог байна. Харин ийм уулзварт гол замаас туслах зам руу орохдоо чигээрээ нэвтрэх байсан ч дохио өгөх шаардлагатай болдог ажээ.

 

Зорчих хэсгээр тээврийн хэрэгслийн байрлан явах нийтлэг журам нь манай дүрэмд заасантай адил юм. Тухайлбал: Суурин газарт жолооч дурын эгнээгээр байрлан явж болох бөгөөд ингэхдээ шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа байн байн сольж, сэлгэж явахыг хориглоно. Мөн суурин газрын гаднах замд аль болох баруун гар талын эгнээгээр байрлан явах ёстой бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад эргэх буюу гүйцэж түрүүлэхээс бусад тохиолдолд зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.

Европын ихэнх орны дүрэмд трамвайн замаар бусад тээврийн хэрэгсэл байрлан явахыг хориглодог бол Унгарын замын хөдөлгөөний дүрмээр тодорхой газруудад трамвайн замаар бусад тээврийн хэрэгсэл байрлан явахыг зөвшөөрдөг байна. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд трамвайн замыг хөдөлгөөний нэмэлт эгнээнд тооцдог бөгөөд гэхдээ мэдээж энэ “эгнээ”-гээр трамвай давуу эрхтэйгээр зорчдог байна.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээр хэтрүүлсэн тохиолдолд 120 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 200 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 300 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 300 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 50 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 800-1400 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- нэг өдөрт хоёр зөрчил (ялимгүй зөрчил байсан ч тооцно) гаргасан бол 1000 доллароор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»