ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Украин улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Украин улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн жолооч нь дараахь баримт бичгүүдтэй байх үүрэгтэй:

- тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх;

- тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ;

- тухайн тээврийн хэрэгсэлд эзэмшигч нь хамт яваа биш бол итгэмжлэл;

- тээврийн хэрэгслийн даатгалын гэрчилгээ.

 

Украины цагдаагийн ажилтан дараахь үндсэн шалтгаанаар тээврийн хэрэгслийг зогсоох эрхтэй:

- замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол;

- хөдөлгөөний хурд болон чигээ огцом өөрчилсөн бол;

- эрэн сурвалжлагдаж байгаа бол.

 

Түүнчлэн хэрэв замын хажууд хөх, улаан өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулсан автомашин зогсож байвал ойртон ирсэн жолооч түүний өмнө заавал зогсох үүрэгтэй бөгөөд зөвхөн цагдаагийн зөвшөөрлөөр хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлж болно. Харин хөх, улаан өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулсан автомашин ойртон ирж яваа тохиолдолд, хэрэв тухайн зам нь тусгаарлах зурвасгүй байвал бусад жолооч нар хөдөлгөөний аль талд яваагаас үл хамааран замын хажууд зогсох үүрэгтэй бөгөөд харин уг зам нь тусгаарлах зурвастай байвал тухайн зорчих хэсэг дээр яваа тээврийн хэрэгслийн жолооч зогсох үүрэгтэй байна.

 

Украины замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 90 км, тууш замд цагт 130 км байхаар тогтоожээ. Үүнээс гадна зарим тээврийн хэрэгслийн хувьд хурдны дээд хязгаарыг тусгайлан тогтоосон байна. Тухайлбал: Суурин газрын гаднах зам болон тууш замд чиргүүлтэй автомашин цагт 80 км, мөн жолооны ард хоёроос дээш жил дадлагажиж амжаагүй шинэ жолоочийн хувьд цагт 70 км-ээс илүү хурдтай явахыг хориглодог байна.

 

Украины замын хөдөлгөөний дүрмээр зөвхөн эсрэг урсгалд орж гүйцэж түрүүлэхийг “Гүйцэж түрүүлэх” үйлдэлд тооцдог байна. Өөрөөр хэлбэл гүйцэж түрүүлэх хориотой замын хэсэгт эсрэг урсгал руу орохгүйгээр гүйцэж түрүүлсэн бол зөрчил гаргасанд тооцохгүй ажээ.

Гүйцэж түрүүлэх үйлдлийг дараахь тохиолдлуудад хориглоно:

- бүх төрлийн уулзвар дээр (шаахайгүй мотоциклыг гүйцэж түрүүлэхээс бусад тохиолдолд);

- явган хүний гарц хүртэл суурин газарт 50 м, суурин газрын гаднах замд 100 м-ээс ойр зайд (гарц дээр явган зорчигч байгаа эсэхээс хамаарахгүй).

Хэрэв урд яваа тээврийн хэрэгсэл нь цагт 30 км-ээс бага хурдтай байвал түүнийг гүйцэж түрүүлэхдээ тэнхлэгийн үргэлжилсэн дан шугамыг давах буюу “Гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгийн заалт зөрчихийг зөвшөөрдөг байна. Манай дүрмээр ч мөн адил “Гүйцэж түрүүлэх хориотой” тэмдэгтэй замын хэсэгт цагт 30 км-ээс бага хурдтай яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх боловч харин үргэлжилсэн шугам давахыг хориглоно.

 

Украины замын хөдөлгөөний дүрмээр явган хүний гарцын хоёр талд 10 м-ээс ойр зайд, мөн нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн буудалд 30 м-ээс ойр зайд түр буюу удаан зогсохыг хориглоно.

 

Украины томоохон хотуудад гэрэл дохионы зохицуулгатай уулзвар дээр хэрэв бусад чиглэлээс зөвшөөрсөн дохиогоор яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саад учруулахгүй бол жолооч хориглосон дохиогоор баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн журам тогтоож туршиж байгаа гэнэ. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн утга бүхий ногоон өнгийн сумтай тэмдгийг тухайн гэрлэн дохион дээр байрлуулсан байна.

 

Украины замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгслийн техникийн байдалд дараахь шаардлагыг тусгажээ:

- тээврийн хэрэгсэл бүр эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэгтэй байх;

- автомашины салхины шилэнд түүний гэрэл нэвтрүүлэх чадварыг 75%, урд талын хажуугийн шилний хувьд 70%-аас бууруулсан хальс наахыг хориглоно;

- харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол, ойрын гэрэл болон ард талын оврын гэрэл асахгүй, мөн цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно гэх мэт.

Европын ихэнх орны дүрэмд байдаг «Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж явна», «Бага насны хүүхдийг зөвхөн тусгай зориулалтын нэмэгдэл суудал дээр тээвэрлэнэ» гэх мэт шаардлагууд Украины дүрэмд огт тусгагдаагүй ажээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- тоормосны систем, жолооны механизм нь эвдрэлтэй буюу гэрэлтүүлэх хэрэгсэл нь ажиллахгүй болсон, эсвэл техникийн үзлэгт ороогүй автомашинаар хөдөлгөөнд оролцсон бол 340-425 гривен (Украины мөнгөний нэгж)-ээр торгох шийтгэл ногдуулна;

- дээр заагдсан эвдрэл, гэмтэл бүхий хүн тээвэрлэхэд зориулсан автомашинаар хөдөлгөөнд оролцсон бол 680-850 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- дээрх хоёр заалтад тусгагдсан зөрчлийг нэг жилийн хугацаанд давтан гаргасан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-6 сар хасах буюу 3-5 хоног баривчлах шийтгэл ногдуулна;

- хамгаалах бүс буюу хамгаалах малгай хэрэглэх журмыг зөрчсөн бол 51-85 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- улсын дугааргүй, эсвэл хуурамч буюу тухайн тээврийн хэрэгсэлд олгогдоогүй дугаартай, мөн дугаарын тэмдгийг буруу газарт байрлуулсан буюу улсын бүртгэлд бүртгэгдээгүй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон бол 170-255 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- дээрх зөрчлийг нэг жилийн хугацаанд давтан гаргасан бол 255-510 гривенээр торгох буюу тээврийн хэрэгслийг хураан авч 30-40 цаг албадан хөдөлмөр хийх шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгслийн эд ангийн дугаар нь бүртгэлийн гэрчилгээн дээрх бичилттэй зөрж байвал 255-340 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэсэн бол 170-255 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- зорчигч буулгах, суулгах журам зөрчсөн бол 255-340 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээс дээш хэтрүүлсэн буюу ачаа тээвэрлэх, тээврийн хэрэгслийг чирэх, түр буюу удаан зогсох, явган хүний гарц нэвтрэх журмуудыг тус тус зөрчсөн, эсвэл замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг биелүүлээгүй бол 255-340 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- гэрлэн дохио болон зохицуулагчийн хориглосон дохиогоор нэвтэрсэн, чиглэлийн тээврийн хэрэгсэлд давуу эрх олгоогүй, мөн уулзвар нэвтрэх, гүйцэж түрүүлэх, хажуу болон хоорондын зай барих, зорчих хэсгээр байрлан явах, гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх, анхааруулах дохио өгөх, жолоодлогын дадлага явуулах журмуудыг тус тус зөрчсөн бол 425-510 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 50 км-ээс дээш хэтрүүлсэн, эсвэл тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан цагдаа, гал унтраах алба, эмнэлгийн түргэн тусламж, ослын аврах албаны тээврийн хэрэгсэлд давуу эрх олгоогүй, мөн түр буюу удаан зогсох журам зөрчиж замын хөдөлгөөнд саад учруулсан, хөдөлгөөнд аюултай байдал бий болгосон бол 510-680 гривенээр торгох буюу 30-40 цаг албадан хөдөлмөр хийх шийтгэл ногдуулна;

- дээрх гурван заалтад тусгагдсан зөрчлүүд нь осолтой байдал үүсэхэд хүргэсэн бол 680-850 гривенээр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6-12 сар хасах шийтгэл ногдуулна;

- цагдаагийн “Зогс” гэсэн шаардлагыг биелүүлээгүй бол 153-187 гривенээр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-6 сар хасах шийтгэл ногдуулна;

- зам тээврийн осол, хэргийн газрыг орхин зугтаасан бол 255-306 гривенээр торгох буюу 30-40 цаг албадан хөдөлмөр хийх, эсвэл 10-15 хоног баривчлах шийтгэл ногдуулна;

- тусгай дуут болон гэрлэн дохионы хэрэгслийг ашиглах, суурилуулах журам зөрчсөн бол уг хэрэгслийг хураан авч, 850-1020 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- галт тэрэг ойртон ирж байхад буюу хориглосон дохио өгөгдөж байх үед төмөр замын гармаар нэвтэрсэн бол 340-425 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- төмөр замын гармаар нэвтрэхдээ дээр зааснаас бусад зөрчил гаргасан бол 255-340 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- дээрх хоёр заалтад тусгагдсан зөрчлүүд нь осолтой байдал үүсэх шалтгаан болсон бол 340-680 гривенээр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12-24 сар хасах, эсвэл 40-60 цаг албадан хөдөлмөр хийх шийтгэл ногдуулна;

- замын хөдөлгөөний дүрэм зөрсөн нь тээврийн хэрэгсэл, ачаа, авто зам, төмөр зам, замын байгууламж болон бусад эд зүйлсийг эвдрэхэд хүргэсэн бол 340-425 гривенээр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6-12 сар хасах шийтгэл ногдуулна;

- цагдаа болон эмнэлгийн ажилтанд тээврийн хэрэгслээ хэрэглүүлээгүй бол 68-136 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- жолоодох эрхийн үнэмлэх, талон, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, даатгалын гэрээ, ачааны баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон бол 425-850 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон буюу тийм этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулсан бол 510-595 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- жолоодох эрхээ хасуулсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 510-850 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол анхааруулах буюу 51-85 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- ердийн хөсөг буюу унадаг дугуйн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 85-136 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- дээрх хоёр зөрчлийг согтуугаар үйлдсэн бол 136-170 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгслийн техникийн байдлыг хайнга шалгаж, гэмтэлтэй тээврийн хэрэгсэлд бүрэн бүтэн тухай баримт олгосон бол 1530-1700 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг нотолсон баримтгүйгээр техникийн үзлэгийн талоныг олгосон бол 1530-1700 гривенээр торгох шийтгэл ногдуулна;

- техникийн байдал нь замын хөдөлгөөний дүрэм болон техник ашиглалтын журам, стандартын шаардлагыг хангаагүй, эсвэл зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон буюу улсын бүртгэлд бүртгэгдээгүй, техникийн үзлэгт ороогүй, даатгалын гэрээгүй тээврийн хэрэгслийг шугамд гарсан бол тухайн хариуцсан этгээдийг 680-850 гривенээр торгох арга хэмжээ авна;

- дээрх зөрчлийг нэг жилийн дотор давтан үйлдсэн бол уг хариуцсан этгээдийг 850-1360 гривенээр торгох арга хэмжээ авна;

- тээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг үйлдвэрлэх, засварлахдаа буюу тухайн тээврийн хэрэгслийн хийцэд заагдаагүй нэмэлт тоноглол суурилуулахдаа, мөн түүнчлэн гудамж зам, замын байгууламж, төмөр замын гармын барилга, засварын ажлыг гүйцэтгэх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн журмыг зөрчсөн буюу биелүүлээгүй бол тухайн хариуцсан этгээдийг 1700-2040 гривенээр торгох арга хэмжээ авна;

- дээрх заалтад тусгагдсан зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл болон зам, барилга байгууламж эвдэрсэн бол тухайн хариуцсан этгээдийг 2550-3060 гривенээр торгох арга хэмжээ авна;

- согтуурсан буюу мансуурсан этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрсөн бол тухайн хариуцсан этгээдийг 425-850 гривенээр торгох арга хэмжээ авна;

- жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрсөн бол тухайн хариуцсан этгээдийг 340-680 гривенээр торгох арга хэмжээ авна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн, мөн согтуурсан этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулсан бол 2550-3400 гривенээр торгох буюу 40-50 цаг албадан хөдөлмөр хийх, эсвэл 7-10 хоног баривчлах шийтгэл ногдуулна;

- дээрх зөрчлийг нэг жилийн дотор давтан үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2-3 жилээр хасаж, тээврийн хэрэгслийг нь төлбөртэйгөөр хураан авах буюу 50-60 цаг албадан хөдөлмөр хийх, эсвэл 10-15 хоног баривчлах шийтгэл ногдуулна;

- зам тээврийн осол гаргасныхаа дараа буюу замын цагдаагийн ажилтны дохиогоор зогссоныхоо дараа согтууруулах ундаа буюу мансууруулах бодис хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2-3 жилээр хасах буюу 10-15 хоног баривчлах шийтгэл ногдуулна;

- замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг дур мэдэн байрлуулсан, авч хаясан, хаасан буюу зам, байгууламжийг эвдсэн бол иргэнийг 340-510 гривенээр торгох буюу 30-40 цаг албадан хөдөлмөр хийх, хариуцсан этгээдийг 510-680 гривенээр торгох буюу 30-40 цаг албадан хөдөлмөр хийх шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»