ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Түрк улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Түрк улс Замын дохио, тэмдгийн тухай 1949 оны Женевийн Протокол болон 1968 оны Венийн Конвенцийн алинд ч нэгдэн ороогүй боловч замын тэмдгүүдийнх нь нийтлэг хэв шинж, үзүүлэлт олон улсын замын тэмдгийн шаардлагад нийцдэг байна. Гэхдээ мэдээж зарим нэг тэмдэг дэх дүрс, бичиглэл ялгаатай байх нь ойлгомжтой. Тухайлбал: “STOP” гэсэн бичиглэл бүхий “Зогсохгүй явах хориотой” тэмдгийг “DUR” гэж бичлэгтэй тэмдэг орлоно. Мөн “Удаан зогсох хориотой” тэмдэгтэй адил дүрслэлтэй боловч цагаан дэвсгэртэй хийгдсэн тэмдэг нь удаан зогсохыг хугацааны хязгаарлалтайгаар зөвшөөрсөн утгыг агуулдаг байна. Мөн хотын эхлэл, төгсгөлийг мэдээлсэн замын тэмдгүүд нь цэнхэр дэвсгэр дээр, харин гацаа болон суурингийнх цагаан дэвсгэр дээр хийгдсэн байдаг бөгөөд суурин газар руу орж байгааг мэдээлсэн тэмдгүүд дээр тухайн суурингийн нэр бичигдсэн байхаас гадна оршин сууж буй хүн амын тоог мөн тэмдэглэсэн байдаг байна. Газрын дундад тэнгисийн эрэг дагуух замуудад нь хамгийн түгээмэл тавигдсан байдаг “Гүйцэж түрүүлэх хориотой” ба “Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл” тэмдгүүд нь олон улсын нийтлэг загвартай адилгүй боловч ойлгогдохоор дүрслэгдсэн байдаг ажээ.

 

 

 

Замын гэрлэн дохио бүрийн өмнө түүнээс холгүй зайд “Гэрэл дохионы зохицуулга” анхааруулах тэмдгийг байрлуулсан байхаас гадна анивчсан шар гэрлийн горимоор ажилладаг дан секцтэй гэрлэн дохиог заавал байрлуулсан байдаг байна. Мөн зарим уулзварын өмнө босоо байрлалтай дөрвөн секцтэй гэрлэн дохиог байрлуулсан байх бөгөөд хамгийн дээд талын секц нь тухайн гэрэл дохионы солигдох хугацааг заадаг тоон дэлгэцийн үүргийг гүйцэтгэдэг ажээ.

 

 

Түрк улсад тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 50 км, суурин газрын гаднах замд цагт 90 км, тууш замд цагт 120 км-ээс хэтрүүлэхгүй байхаар тогтоожээ. Мөн тууш замд хурдны зөвшөөрөгдөх доод хэмжээг цагт 40 км-ээр хязгаарласан байна.

 

Замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч, зорчигч бүр хамгаалах бүсээ хэрэглэсэн байх үүргийг хүлээнэ. Мөн тээврийн хэрэгсэл бүр эмийн сан, ослын зогсолтын тэмдэгтэй байхыг шаардана.

 

Түркийн Замын хөдөлгөөний дүрмээр дараахь тээврийн хэрэгслүүдэд хөдөлгөөний нэвтрэх давуу эрх олгогдоно:

- түргэн тусламжийн автомашин;

- гал унтраах албаны автомашин;

- цагдаагийн автомашин;

- ослын дуудлагын автомашин;

- иргэний хамгааллын албаны жижүүрийн автомашин;

- хамгаалалтын автомашин.

 

Түркийн замын хөдөлгөөний хяналтын постын цагдаа нар замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргаагүй тээврийн хэрэгслийг дараахь шалтгаанаар зогсоож болно:

- жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримт бичгүүдийг шалгах зорилгоор;

- терроризмын аюул занал нүүрлэсэн үед автомашинуудыг тусгайлан шалгах зорилгоор;

- согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваа байж болзошгүй сэжигтнийг шалгах зорилгоор.

 

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг жолоочийн амьсгалын хий болон цусны найрлагыг шинжлэх замаар тогтооно. Түрк улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээр хэтрүүлсэн тохиолдолд 35 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол торгуулийн оноо болон 26 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 35 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 35 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 20 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу дүрмийн зарим ноцтой зөрчил гаргасан бол 1000 хүртэл доллароор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»