ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Словен улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Словен улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь дараахь баримт бичгүүдийг биедээ заавал авч явах үүрэгтэй. Үүнд:

- жолоочийн үнэмлэх;

- тээврийн хэрэгслийн даатгалын гэрчилгээ;

- тээврийн хэрэгслийн техникийн паспорт;

- Европын Холбоонд хамаарагдахгүй улсаас ирсэн гадаадын харъяат жолоочийн хувьд ногоон карт.

 

Гадаадын харъяат жолооч гаргасан зөрчилдөө торгууль төлөхөөс татгалзвал түүний паспорт, жолоочийн үнэмлэх болон бусад баримт бичгүүдийг хураан авч шүүхэд шилжүүлдэг байна.

 

Словен улсад хоногийн аль ч үед тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг асааж явах бөгөөд замын үзэгдэлтийн байдал 50%-аас илүү муудсан тохиолдолд манангийн гэрлээ асаах ёстой. Мөн хамгаалах бүсээр тоноглогдсон суудалд сууж яваа жолооч, зорчигч бүр хамгаалах бүсийг хэрэглэх үүрэгтэй байна.

 

Амины автомашины жолоочийн хувьд түүний цусан дахь спиртийн агууламж 0.5 промиллоос илүүгүй байхыг зөвшөөрдөг бол харин автобус, такси, ачааны автомашин зэрэг тээврийн хэрэгслүүдийн мэргэжлийн жолооч нарын хувьд цусан дахь спиртийн агууламжийг огт зөвшөөрдөггүй бөгөөд өөрөөр хэлбэл тэдэнд согтууруулах ундаа хэрэглэхийг 100% хориглодог байна.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- мансууруулах бодис (наркотик) хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 950-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулж, жолоодох эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авна;

- хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бол 500 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 250 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- шар гэрэл дохиогоор орсон бол 120 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- зам тавьж өгөх үүргийг биелүүлээгүй бол 300 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хамгаалах бүсээ зүүгээгүй бол 120 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- зогсоолын журам зөрчсөн бол 40 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсыг зохих тоноглолгүйгээр ашигласан бол 120 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- ойрын гэрлээ асааж яваагүй бол 40 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- осол гаргасан бол 200-950 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- ослын газраас зугтаасан бол 500 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- жолоочийн цусан дахь спиртийн агууламж 0.5 промиллоос илүүгүй боловч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй байвал 180 еврогоор, харин 0.51-0.8 промилл байвал 450 еврогоор, 0.8-1.1 промилл байвал 570 еврогоор, 1.1 промиллоос илүү буюу шалгуулахаас зайлсхийсэн бол 950 еврогоор торгох буюу жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасах шийтгэл ногдуулна;

- суурин газрын доторхи замд тогтоосон хурдны дээд хязгаарыг цагт 10 хүртэл км-ээр хэтрүүлсэн бол 80 еврогоор, 11-20 км/цаг-аар хэтрүүлсэн бол 250 еврогоор, 21-30 км/цаг-аар хэтрүүлсэн бол 500 еврогоор, 30 км/цаг-аас илүүтэйгээр хэтрүүлсэн бол 1000-аас дээш еврогоор торгож жолоодох эрх хасах шийтгэл ногдуулна;

- суурин газрын гаднах замд тогтоосон хурдны дээд хязгаарыг цагт 20 хүртэл км-ээр хэтрүүлсэн бол 60 еврогоор, 21-30 км/цаг-аар хэтрүүлсэн бол 120 еврогоор, 31-40 км/цаг-аар хэтрүүлсэн бол 240 еврогоор, 40 км/цаг-аас илүүтэйгээр хэтрүүлсэн бол 380-аас дээш еврогоор торгож жолоодох эрх хасах шийтгэл ногдуулна;

- тууш замд тогтоосон хурдны дээд хязгаарыг цагт 20 хүртэл км-ээр хэтрүүлсэн бол 50 еврогоор, 21-30 км/цаг-аар хэтрүүлсэн бол 100 еврогоор, 31-40 км/цаг-аар хэтрүүлсэн бол 150 еврогоор, 41-50 км/цаг-аар хэтрүүлсэн бол 200 еврогоор, 50 км/цаг-аас илүүтэйгээр хэтрүүлсэн бол 300-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»