ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Словак улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Словак улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг жилийн аль ч үед асааж явах, мөн хамгаалах бүсээр тоноглогдсон суудалд сууж яваа жолооч, зорчигч бүр хамгаалах бүсээ хэрэглэх үүрэгтэй байна.

 

 

Дэлхийн олон орны замын хөдөлгөөний дүрэмд тусгалаа олоод байгаа «Жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ “Hands Free”-гүй (гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй) гар утас хэрэглэхийг хориглоно» гэсэн утга бүхий заалт Словакийн замын хөдөлгөөний дүрэмд мөн л тусгагдсан байдаг төдийгүй энэхүү заалттай утга нэг шаардлагыг явган зорчигчид хүлээлгэсэн байдаг нь нэн сонирхолтой. Тодруулбал, явган зорчигч нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахдаа гар утас, чихэвчний хөгжим хэрэглэхийг хориглоно гэсэн заалт Словакийн шинэ дүрэмд тусгагджээ. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнд оролцож явахдаа гар утас хэрэглэснээрээ зөвхөн жолооч торгуульдаг байсан бол өдгөө мөн явган зорчигч багагүй еврогийн торгууль хүлээх болсон байна.

 

Словакад ноцтой зөрчил гаргасан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд торгохоос гадна жолоодох эрхийг 1-5 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулдаг байна.

 

Словак улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 50 км;

- суурин газрын гаднах замд цагт 90 км;

- тууш замд цагт 130 км.

 

Өвлийн нөхцөлд (замын гадаргуу цастай буюу мөстсөн үед) бүх жин нь 3.5 тонноос их тээврийн хэрэгслийн бүх дугуй нь өвлийн зориулалттай байх ёстой бөгөөд харин суудлын болон ачааны бусад тээврийн хэрэгслүүдийн хувьд дор хаяж нэг хөтлөгч тэнхлэг нь өвлийн дугуйтай байхыг шаардана.

 

Словакад унадаг дугуйгаар зорчигч нь суурин газрын гаднах замаар хөдөлгөөнд оролцохдоо заавал хамгаалах малгай болон гэрэл ойлгогч элемент бүхий хувцас өмссөн байх үүрэгтэй ажээ. Хамгаалах малгай өмссөн байхыг 15 нас хүрээгүй хүүхдийн хувьд суурин газрын доторхи замд ч үүрэг болгодог байна. Тэр бүү хэл явган зорчигч суурин газрын гаднах замын дагуу хөвөөгөөр явахдаа гэрэл ойлгогч элемент бүхий хувцас өмссөн байх үүрэг хүлээдэг байна.

 

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээс илүү хэтрүүлсэн тохиолдолд 15 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 36 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 15-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 15-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 5-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»