ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Португал улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Португал улс замын баруун гар талын хөдөлгөөнтэй. Иймээс манай Замын хөдөлгөөний дүрэмд заасантай нэгэн адил дараалал тогтоогоогүй уулзвар, талбайд аль баруун гар талд яваа тээврийн хэрэгсэл нь түрүүлж нэвтрэх эрхтэй байна. Харин тойрох хөдөлгөөнтэй уулзварын хувьд тойрог руу нэгэнт орсон тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй байдгаараа манай дүрмээс ялгаатай ажээ.

 

Португал улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь дараахь баримт бичгүүдийг биедээ заавал авч явах үүрэгтэй байна:

- паспорт буюу түүнтэй адилтгах биеийн байцаалт;

- жолоочийн үнэмлэх;

- даатгалын гэрчилгээ;

- бүртгэлийн гэрчилгээ;

- техникийн паспорт.

 

Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсыг чихэвч болон микрофонгүйгээр ашиглахыг хориглоно. Ямар ч тохиолдолд жолооч болон зорчигчид хамгаалах бүсээ заавал хэрэглэх үүрэгтэй.

 

Португал улсад суудлын автомашины хурдыг дараахь хэмжээгээр хязгаарлажээ:

- суурин газарт 50 км/цаг;

- суурин газрын гаднах замд 90 км/цаг;

- тууш замд 120 км/цаг.

 

Португал улс жолоочийн цусан дахь согтууруулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд 50-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 25-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 100-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 55-110 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 20-55 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 170-1800 еврогоор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»