ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Польш улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Польш улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар автомашины жолооч, зорчигч бүр хамгаалах бүсээ зүүх үүрэгтэй боловч зарим нэг хүн, тухайлбал жирэмсэн гэдэг нь илт мэдэгдэхүйц эмэгтэй, мөнгө авч яваа итгэмжлэгдсэн нярав гэх мэт хүмүүс энэ үүргээс чөлөөлөгдөж болдог байна.

Мөн 12 хүртэлх насны хүүхдийг зөвхөн хамгаалалтын суудал дээр тээвэрлэхийг зөвшөөрнө.

 

Польш улсад 10 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 1-ний хооронд тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг өдрийн цагаар ч асааж явах шаардлагатай ажээ.

 

 

Автомашин жолоодож явахдаа гар утсыг гартаа барьж ярихыг хориглоно. Үүнээс гадна энэ улс Замын хөдөлгөөний шинэ дүрэмдээ бүх жолооч нарт хамаатуулан “жолооны ард тамхи татахыг хориглосон” заалт оруулахаар төсөллөж байсан боловч эцсийн дүндээ энэ нь зөвхөн автобус болон таксийн жолооч нарт хамаарахаар тусгагджээ.

 

Польшийн цагдаа нар замын хориотой хэсэгт орхиж явсан тээврийн хэрэгслийн дугуйг тусгай хэрэгслээр цоожилж журамлахаас гадна хотын гал унтраах албаны ажилтан ч ийм арга хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй байдаг гэнэ.

 

Польш улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 60 км;

- хорооллын дотор цагт 20 км;

- суурин газрын гаднах замд суудлын автомашин, мотоцикл, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин цагт 90-100 км, харин чиргүүлтэй суудлын автомашин, автобус болон бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 70-80 км;

- тууш замд суудлын автомашин, мотоцикл, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин цагт 130 км, харин чиргүүлтэй суудлын автомашин, автобус болон бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км.

 

Польш улсад хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг үл ялиг хэтрүүлэхэд 50 злот (Польшийн мөнгөний нэгж)-оор, харин их хэмжээгээр хэтрүүлсэн тохиолдолд 500 злотоор торгох шийтгэл хүлээлгэдэг байна.

 

Польш улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.2 промиллоор тогтоожээ. Хэрэв энэ хязгаараас хэтрүүлсэн байвал шүүхээс 1 сарын хорих ялаар шийтгэх үндэслэлтэй. Өдгөө Польшийн Засгийн газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудалтай шийдвэртэй тэмцэж байгаа бөгөөд тухайлбал их хэмжээний согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оноож, өндөр торгуулиар шийтгэж байх талаар хуулийн төсөл боловсруулаад байгаа гэнэ.

 

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хамгаалах бүсээ зүүгээгүй бол 70 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- хүүхэд тээвэрлэх зааварчилгааг зөрчсөн бол 70 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 100 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөөгүй бол 200 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- хөдөлгөөнд аюултай байдал үүсгэхээр огцом тоормослосон бол 250 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- хоорондын зайг тохируулаагүйгээс хөдөлгөөнд аюултай байдал бий болгосон бол 250 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулахуйц хурдаар явсан бол 200 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- баруун гар талын эгнээ барьж явах журам зөрчсөн бол 100 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- төмөр замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй бол 100 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- явган хүний гарц дээр буюу түүний шууд өмнө гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бол 400 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- тусгаарлах зурвас дээгүүр явсан бол 80 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- мотоцикл, мопедоор хүн тээвэрлэхдээ хамгаалах малгай өмсгөөгүй бол 100 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- мотоцикл, мопед, унадаг дугуйгаар согтуу хүн тээвэрлэсэн бол 100 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- тусгай эрх бүхий тээврийн хэрэгслийг суурин газарт гүйцэж түрүүлсэн бол 300 злотоор торгох шийтгэл ногдуулна;

- суурин газарт хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 10 хүртэл км-ээр хэтрүүлсэн бол 50 злот, цагт 11-19 км-ээр хэтрүүлсэн бол 100 злот, цагт 20-30 км-ээр хэтрүүлсэн бол 150 злот, цагт 31-40 км-ээр хэтрүүлсэн бол 250 злот, цагт 41-50 км-ээр хэтрүүлсэн бол 350 злот, цагт 51 км буюу түүнээс дээш хэтрүүлсэн бол 500 злотоор тус тус торгох шийтгэл ногдуулна;

- суурин газрын гаднах замд хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 10 хүртэл км-ээр хэтрүүлсэн бол 30 злот, цагт 11-19 км-ээр хэтрүүлсэн бол 80 злот, цагт 20-30 км-ээр хэтрүүлсэн бол 120 злот, цагт 31-40 км-ээр хэтрүүлсэн бол 200 злот, цагт 41-50 км-ээр хэтрүүлсэн бол 300 злот, цагт 51 км буюу түүнээс дээш хэтрүүлсэн бол 500 злотоор тус тус торгох шийтгэл ногдуулна;

- явган зорчигч замын дохио, тэмдгийн заалтыг биелүүлээгүй, замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсгээр зам хөндлөн гарсан, гарцаар гарах үедээ шалтгаангүйгээр алхаагаа удаашруулсан буюу гарц дээр саатсан бол 50 злотоор, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт орсон бол 100 злотоор тус тус торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»