ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Нидерланд улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Нидерланд улсад зарим нэг гүүр, хонгилоор нэвтрэхэд 1.5-аас 3 еврогийн төлбөр хураадгийг эс тооцвол энэ улсын ихэнх зам төлбөргүй ажээ.

 

 

Нидерландад замын гэрлэн дохионд 30 м-ээс ойр зайд тээврийн хэрэгслээ байрлуулан зогсоохыг хориглоно.

 

Хөдөлгөөнд оролцох автомашин бүр ослын зогсолтын тэмдэг, нөөц чийдэнгийн цуглуулгатай байх шаардлагатай бөгөөд өвлийн цагт тээврийн хэрэгслийг зөвхөн өвлийн дугуйтайгаар ашиглахыг зөвшөөрнө.

 

Нидерланд улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг суурин газарт цагт 50 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, хотын гаднах хурдны замд цагт 110-120 км байхаар тогтоожээ. Энэ улсад хурд хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага Европын бусад зэргэлдээх орнуудынхтай нь харьцуулбал хатуу юм.

 

Нидерландын нийслэл Амстердам нь “унадаг дугуйн” хот бөгөөд хүн амынх нь 50 шахам хувь нь зөвхөн унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцдог гэнэ.

 

 

Нидерланд улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд торгуулийн шийтгэл ногдуулахаас гадна жолоодох эрхийг нилээд урт хугацаагаар хасах, хэрэв согтууруулах ундаа уусан эсэхээ шалгуулахаас зайлсхийвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хураагаад зогсохгүй хорих ялаар шийтгэх хүртэл арга хэмжээ авах эрх зүйн заалт үйлчилдэг байна. Энэ улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 3600-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд 1100-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 1600 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол 1600 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- түр буюу удаан зогсох журам зөрчсөн бол 500-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»