ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Итали улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Итали улсын замын хөдөлгөөний дүрмээр суурин газрын гаднах зам болон тууш замд тээврийн хэрэгслүүд ойрын гэрлээ өдрийн цагаар асааж явах шаардлагатай бөгөөд ар талын манангийн гэрлийг үзэгдэлт зөвхөн 50 м-ээс бага болсон үед хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Мөн автомашин жолоодож яваа үедээ “Hands Free”-гүй (гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй) гар утсыг хэрэглэхийг хориглоно.

 

Итали улс замын баруун гар талын хөдөлгөөнтэй. Гэхдээ тойрох хөдөлгөөнтэй уулзварын хувьд хэрэв дараалал тогтоосон тэмдэггүй бол тойргийн дотор талд яваа тээврийн хэрэгсэл нь давуу эрхтэй байна.

 

 

Тээврийн хэрэгслийн зогсоолд зориулсан талбайг тухайн төрлөөс нь хамааруулан янз бүрийн өнгөөр тэмдэглэсэн байдаг гэнэ. Тухайлбал:

- цагаан өнгийн зурвас нь төлбөргүй зогсоолыг;

- цэнхэр өнгийн зурвас нь төлбөртэй зогсоолыг;

- хар, шар өнгө хосолсон зурвас нь зогсох хориотой хэсгийг;

- шар өнгийн тэмдэглэл бүхий зогсоол нь зөвхөн автобус болон таксинд зориулагдсан болохыг;

- зарим хотуудад нь байдаг ногоон өнгийн зогсоол нь ажлын өдрүүдэд 9:30-16:00 цагийн хооронд зогсох хориотойг илэрхийлдэг байна.

 

Итали улс тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 50 км;

- суурин газрын гаднах төв замд цагт 110 км;

- суурин газрын гаднах туслах чанарын замд цагт 90 км;

- тууш замд цагт 130 км.

 

 

Италийн замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгсэл бүрт гурвалжин хэлбэртэй ослын зогсолтын тэмдэг хоёр ширхэг байх ёстой бөгөөд мөн жолооч бүр шар буюу улбар шар өнгийн гэрэл ойлгогч анхааруулах хантааз авч явж байх үүрэгтэй ажээ. Уг хантаазыг хот хоорондын төв зам болон тууш замд осол гаргасан тохиолдолд хэргийн газарт өмсөж хэрэглэх ёстой гэнэ.

 

Итали улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ. Их хэмжээний согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд торгуулийн өндөр шийтгэл хүлээлгэхээс гадна хорих ял ногдуулах хуультай юм.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 10 хүртэл км-ээр хэтрүүлсэн бол 20-75 еврогоор, цагт 10-40 км-ээр хэтрүүлсэн бол 75-300 еврогоор, цагт 40 км-ээс дээш хэтрүүлсэн бол 190-760 еврогоор тус тус торгох шийтгэл ногдуулна;

- хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчсөн бол 190-760 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 75-300 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- бүртгэлийн баримт бичиггүй бол 12-45 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- зогсоолын хугацааг хэтрүүлсэн бол 19-75 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- даатгалын гэрээгүй бол 80-1520 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 80-1520 еврогоор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»