ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Испани улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Испани улсын замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч бүр хамгаалах бүсээ зүүх, хүүхдийг зөвхөн тухайн нас, биенд нь тохирсон тусгай зориулалтын бэхэлгээний хэрэгсэлтэйгээр тээвэрлэх, 12 нас хүрээгүй хүүхдийг мотоциклоор буюу автомашины урд суудалд тээвэрлэхгүй байх зэрэг нийтлэг заалтууд тусгагджээ. Харин 7 нас хүрсэн хүүхдийг мопедоор тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ түүнд хамгаалах малгайг заавал өмсүүлсэн байх ёстой ажээ.

Мөн жолооч тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа, тэр бүү хэл замын хөвөөн дээр зогсож байхдаа ч гар утсаар ярихыг хэдий чихэвч (Head-Sets) ашигласан ч хориглох бөгөөд зөвхөн чанга яригч төхөөрөмжийн тусламжтайгаар ярихыг л зөвшөөрдөг байна.

Испани улс замын баруун гар талын хөдөлгөөнтэй. Гэхдээ тойрох хөдөлгөөнтэй уулзварын хувьд хэрэв дараалал тогтоосон тэмдэггүй бол тойргийн дотор талд яваа тээврийн хэрэгсэл нь давуу эрхтэй байна. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд зүүн гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлдээ зам тавьж өгөх ёстой ажээ.

 

Суурин газарт тээврийн хэрэгслүүдийг замын захад удаан зогсоохыг сарын тэгш тоотой өдрүүдэд тэгш дугаартай тээврийн хэрэгслүүдэд, сондгой тоотой өдрүүдэд сондгой дугаартай тээврийн хэрэгслүүдэд зөвшөөрдөг байна. Харин замын шар тэмдэглэлтэй хэсэг дээр буюу хориотой тэмдгийн үйлчлэх хүрээнд тээврийн хэрэгсэл зогсоохыг хориглоно.

Испани улсын томоохон хотуудад төлбөртэй зогсоолуудыг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байх бөгөөд ийм тусгай зогсоол дээр тээврийн хэрэгслийг нилээд хэдэн цагаар орхиж болдог гэнэ. Харин хоногоор буюу олон цагаар зогсоох шаардлагатай бол газар доорхи авто зогсоолын үйлчилгээг сонгох нь зүйтэй гэнэ. Зогсоолын журам зөрчсөн тээврийн хэрэгслийг жолооч нь эзгүй үед торгуулийн талбай руу зөөж журамлах арга хэмжээ авдаг бөгөөд жолооч автомашинаа тэндээс авахдаа өндөр торгууль төлөхөөс гадна хүнд суртал, чирэгдлийн улмаас багагүй цаг заваа гарздах болдог байна.

 

Испани улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 50 км;

- суурин газрын гаднах замд цагт 90-100 км;

- тууш замд цагт 120 км.

 

Испаний замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч бүр тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөөц чийдэнгүүд болон улаан өнгийн гурвалжин хэлбэртэй ослын зогсолтын хоёр ширхэг тэмдгийг авч явах үүрэгтэй байна.

Мөн тээврийн хэрэгслийн овроос илүү гарах ачаа (тухайлбал: унадаг дугуй, завь гэх мэт)-г тээвэрлэхдээ зөвхөн ард талдаа буюу дээрээ бэхэлж явахыг зөвшөөрөх бөгөөд харин хажуу талдаа бэхэлж тээвэрлэхийг хориглоно. Тээврийн хэрэгслийн овроос илүү гарсан аливаа ачааг улаан, цагаан ташуу зураас хосолсон тэмдэглэгээ бүхий 50х50 см-ээс багагүй хэмжээтэй таних тэмдгээр (манай дүрэмд заагдсанаас бага зэрэг том юм) анхааруулсан байх шаардлагатай. Тухайн ачаа нь тээврийн хэрэгслийн өргөнөөс хоёр тийшээ илүү гарсан бол хоёр ширхэг таних тэмдгийг эсрэг талуудын илүү гарсан хэсгүүд дээр байрлуулах бөгөөд ингэхдээ таних тэмдгүүд дэх ташуу зураасуудыг V хэлбэртэй байхаар бэхэлсэн байна. Үүнээс гадна харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ачааны илүү гарсан хэсгийг нэмэгдэл улаан гэрлээр анхааруулах ёстой ажээ.

 

Испани улсад замын зарим гэрлэн дохиог зорчих хэсгийн дээр нилээд өндөрт байрлуулсан байдгаас нарны хурц гэрэл өөдөөс туссан үед гэрэл дохио ажиглагдахгүй байх муу талтай байдаг гэнэ. Гэхдээ энэ нь гэрэл дохио зөрчихийг зөвтгөх шалтгаан болохгүй нь мэдээж.

 

 

Испани улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

Испани улсын замын цагдаа 350 хүртэлх еврогийн торгуулийг газар дээр нь ногдуулах эрхтэй байна. Түүнчлэн торгуулийн төлбөрөө цаг тухайд нь барагдуулаагүй этгээдийн тээврийн хэрэгслийг төлбөрөө бүрэн төлж дуусах хүртэл барьцаа болгон хурааж авах эрх зүйн заалттай ажээ.

 

Бага зэргийн зөрчил гаргасан тохиолдолд 91 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна. Үүнд тухайлбал:

- 12 нас хүрээгүй хүүхдийг мотоциклоор буюу автомашины урд суудалд тээвэрлэсэн;

- хамгаалах бүсээ зүүгээгүй;

- жолооны ард гар утсаар ярьсан;

- зогсоолын журам зөрчсөн гэх мэт.

 

92-301 еврогоор торгох дунд зэргийн зөрчилд дараахь зөрчлүүд хамаарагдана:

- бусад тээврийн хэрэгсэлд галын аюул үүсгэж болзошгүй шатах эд зүйлс (магадгүй, тамхины иш)-ийг автомашинаасаа гаргаж хаясан;

- тогтоосон хурдны дээд хязгаарлалыг 50 хүртэл хувиар хэтрүүлсэн. Жишээлбэл: Суурин газарт цагт 51-75 км хурдтай явсан;

- зам дээр барилгын ажил зөвшөөрөлгүй явуулсан;

- замын тэмдгийг авч хаясан буюу байрлалыг нь өөрчилсөн;

- «Зогс» болон «Зам тавьж өгнө» тэмдгийн заалтыг биелүүлээгүй;

- «Хөдөлгөөн хориотой» тэмдгийн үйлчлэх бүс рүү орсон;

- аюултай газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан;

- хориотой замын хэсэгт гүйцэж түрүүлсэн гэх мэт.

 

302-602 еврогоор торгох ноцтой зөрчилд дараахь зөрчлүүд хамаарагдана:

- тогтоосон хурдны дээд хязгаарлалыг 50-аас дээш хувиар (гэхдээ энэ нь цагт 30 км-ээс багагүй бол) хэтрүүлсэн. Жишээлбэл: Суурин газарт цагт 80 км буюу түүнээс илүү хурдтай явсан;

- согтууруулах ундаа буюу мансууруулах бодисыг зөвшөөрөгдөх түвшингээс дээш хэмжээгээр хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

- согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн;

- эсрэг урсгал сөрсөн. Жишээлбэл: Эсрэг урсгал тусгаарласан үргэлжилсэн шугамыг давж гүйцэж түрүүлсэн;

- баруун гар талаар гүйцэж түрүүлсэн;

- зам дээр тээврийн хэрэгслүүд хоорондоо уралдсан;

- зорчигчдын тогтоосон тоог 50-аас дээш хувиар хэтрүүлсэн. Жишээлбэл: Жолоочоос гадна 5 хүний суудалтай автомашинд 8 буюу түүнээс олон хүн тээвэрлэсэн.

 

Дараахь зөрчлийг гаргасан тохиолдолд 91-1503 еврогийн торгууль ногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна:

- улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон;

- жолоочид байвал зохих баримт бичиг (жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын гэрээ)-гүйгээр хөдөлгөөнд оролцсон;

- техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»