ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Ирланд улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Ирланд улс нь Их Британ (Англи) улсын баруун талд зэрэгцэн орших арлын орон бөгөөд замын зүүн гар талын хөдөлгөөнтэй улс юм. Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенцид нэгдэн ороогүй энэ улсын замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг заалтууд нь Английнхтай ерөнхийдөө төстэй ажээ.

 

Дублины гүүрээр гарахад 1.05-1.3 еврогийн хураамж авдгийг эс тооцвол ихэнх замууд нь төлбөргүй гэнэ. Мөн томоохон суурин газрууд болон тууш замуудад л 24 цагийн үйлчилгээтэй шатахуун түгээгүүрийн газрууд ажилладаг байна.

 

Ирланд улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг нилээд хүлцэнгүй буюу 0.8 промиллоор тогтоожээ. Гэхдээ энэ хэмжээнээс хэтрүүлсэн этгээдэд ногдуулах шийтгэл нь хатуу юм.

 

Суудлын автомашины урд суудалд 4 нас хүрсэн хүүхдийг тусгай зориулалтын бэхэлгээний хэрэгсэлтэйгээр тээвэрлэхийг зөвшөөрнө.

 

Ирланд улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 48 км;

- суурин газрын гаднах замд цагт 65-96 км;

- тууш замд цагт 112 км.

 

Шар өнгийн хос шугаман тэмдэглэлтэй замын хэсэг дээр хоногийн аль ч үед тээврийн хэрэгсэл зогсоохыг хориглох бөгөөд харин шар өнгийн дан шугаман тэмдэглэлтэй хэсэг дээр 8:00-13:30 цагийн хооронд зогсоохыг хориглоно. Мөн оройн 23:30-аас өглөөний 7:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн дуут дохиог хэрэглэхийг хориглодог байна.

 

 

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд хүлээлгэсэн торгуулийн төлбөрийг бичигдсэн өдрөөс нь хойш 21 хоногийн дотор банкинд тушаасан байх ёстой. Харин зогсоолын журам зөрчсөн тохиолдолд ногдуулсан торгуулийг тухайн газар дээр төлж болдог гэнэ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- тогтоосон хурдыг хэтрүүлсэн тохиолдолд 65-180 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 435 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 125 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 125 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 25 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 5000 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»