ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Израиль улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Израиль улс нь Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенцид 1971 оны 5 дугаар сарын 11-ний өдөр буюу уг Конвенцийг хүчин төгөлдөр болохоос 7 жилийн өмнө, өөрөөр хэлбэл Сан-Марино улсын дараа хоёр дахь Хэлэлцэн тохирогч тал болж нэгдэн оржээ. Иймээс энэ улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг заалтууд дэлхийн олонхи улс үндэстнүүдийнхээс онцгой ялгарахгүй юм.

 

 

Гэхдээ Израиль нь Венийн нөгөө конвенц болох Замын дохио, тэмдгийн тухай Конвенцид, тэр бүү хэл 1949 оны Женевийн Протокол (Замын дохио, тэмдгийн тухай)-д ч нэгдэн ороогүй улс тул замын тэмдэг, тэмдэглэлийн дүрслэл, утга агуулгаар өөрийн гэсэн үндэсний онцлогтой байна. Өөрөөр хэлбэл энэ улс замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлийн хэрэглээгээрээ бие даасан тусгаар улс юм. Тухайлбал: Израиль улсад “Гол зам” тэмдэг байхгүй бөгөөд зохицуулдаггүй уулзварт зөвхөн баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх журам үйлчилнэ. Дэлхийн ихэнх улс оронд түгээмэл хэрэглэдэг найман талт хэлбэртэй “Зогс” тэмдгийн оронд алгаа дэлгэсэн гарны дүрс бүхий тэмдгийг хэрэглэнэ.

 

 

Мөн тээврийн хэрэгслийн зогсох хориотой газрыг замын хашлага дээр зурж тэмдэглэдэг шар өнгийн шугаман тэмдэглэлийн оронд улаан өнгийн шугамыг хэрэглэнэ. Харин цэнхэр өнгийн тасархай шугаман тэмдэглэл тавигдсан хашлагын дэргэд тээврийн хэрэгсэл зогсоохыг зөвшөөрөх бөгөөд энэ нь уг зогсоол төлбөртэй болохыг илэрхийлдэг ажээ.

 

 

Израиль улс замын тэмдэг, тэмдэглэлийн бие даасан хэрэглээтэй улс хэдий ч Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенцийн гишүүн орон учир уг Конвенцийн 4 дүгээр зүйлд заасан үүргийнхээ дагуу замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиогоо хялбар ойлгогдох байдлаар бүтээж суурилуулсан байдаг ажээ. Иймээс энэ улсын замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиог бусад орныхоос эрс тэс ялгаатай буюу танихад хүндрэлтэй гэж хэт туйлшруулан ойлгож болохгүй юм.

 

 

Израиль улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан онцлог заалтуудаас түүвэрлэн дурдвал:

- автомашины жолооч нь хөдөлгөөнд оролцож явахдаа жолооны хүрдийг заавал хоёр гараараа барьж явах үүрэгтэй;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсыг чанга яригчгүйгээр хэрэглэхийг хориглоно;

- автомашины жолооч болон урд, хойд суудалд сууж яваа зорчигч бүр хамгаалах бүсээ заавал зүүсэн байх үүрэгтэй;

- 4 хүртэлх насны хүүхдийг зөвхөн тусгай зориулалтын нэмэгдэл суудалд тээвэрлэхийг зөвшөөрнө;

- тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар нь суурин газарт цагт 50 км, суурин газрын гаднах замд цагт 90 км байна;

- тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах гэж байгаагаас бусад тохиолдолд ухраахыг хориглоно;

- тээврийн хэрэгслийн цонхоор хог (тухайлбал, тамхины иш) хаяхыг хориглоно;

- жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0.5 промилл байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»